Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан бичиг илгээжээ.
Уг албан бичгтээ “Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжин ажиллах үүрэгтэй байгууллага юм. Бид допингийн асуудалд хатуу байр суурийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэхүү зүй бус үйлдэлтэй эрс тэмцэн, шударгаар хөдөлмөрлөж буй олон бөхчүүдийнхээ эрхийг хамгаалж ажиллах болно. Нэр бүхий улсын цолтой бөхчүүдээс МҮБХ-нд “Допинггүй монгол наадам-монгол бөх” уриалгыг ирүүлээд байгаа.
Тус уриалгад Үндэсний их баяр наадмаас өмнө 40 бөхөөс допингийн шинжилгээг авах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд бөхчүүдийн шинжилгээг 2021 оны зургаадугаар сарын 15-наас зургаадугаар сарын 17-нд багтаан авах ажиллагааг МҮБХ болон танай байгууллагатай хамтран зохион байгуулах санал гаргасан байна.
Иймд та бүхэн хамтран ажилладаг Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лабораториос 40 бөхөөс авах шинжилгээний хариу ирэх хугацааг зургаадугаар сарын 17-ноос 21 хоног буюу долоодугаар сарын 8-нд багтаан ирүүлэх боломжтой эсэхийг тодруулан бидний ажлыг дэмжинэ үү” гэжээ.