Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд,
Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгоно
Энэ ажлын хүрээнд гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, хүний ялгадас болон шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулна. Мөн хаягдал ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн газрууд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах болон холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлууд хийгдэнэ.
Сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж, туршина
Энэ хүрээнд (i) олон нийтийн оролцоог хангах зорилгоор өргөн хүрээг хамарсан сурталчлан таниулах хөтөлбөрийг боловсруулах; (ii) төсөлд хамрагдах өрхүүдийг олж сонгох, тэдэнд дэмжлэг үзүүлэх олон нийтийн менежментийн бүлгүүдийг байгуулах; (iii) гэр хорооллийн өрхүүдэд олгох 1500 орчим экологид ээлтэй жорлон, битүү тунгаагуур сав, эсвэл энгийн хийцтэй, технологи нь туршигдсан, бага өртөгтэй, орчны нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон, орон нутагт үйлдвэрлэсэн материал ашиглаж барих боломжтой ариун цэврийн бусад төрлийн байгууламжуудын зураг төслийг боловсруулах, барьж угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэх; (iv) ЖДҮ-ийн газрууд ба өрхүүдийн хооронд байгуулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ, хаягдал цуглуулах гэрээний загварыг боловсруулах; мөн (v) хаягдлыг бордоо болгох, боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр төсөлтэй хамтран ажиллах ЖДҮ-ийн газруудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.
Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Энэ хүрээнд: (i) сайжруулсан ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан анхны ажлын хэсгийг үндэсний хэмжээнд байгуулах; (ii) айл өрх, гэрээт гүйцэтгэгчид болон чиглэлийн яамдад зориулж сайжруулсан ариун цэврийн байгууламжийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх; (iii) төслийн үр дүнг чиглэлийн яамд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хүрээнд сурталчлан дэлгэрүүлэх; мөн (iv) сайжруулсан ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлэх үндэсний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна. Уг төлөвлөгөөнд сайжруулсан ариун цэврийн байгууламж барих нэн шаардлагатай гэр хорооллын бусад хороо дүүргүүдийг тодорхойлон, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүд, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг хариуцлага, зардал, санхүүгийн механизм, ажлын хуваарь зэргийг тусгасан 5 жилийн стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө багтсан.
М.Цагаан
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.