Сүүлийн жилүүдэд таргалалт, даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл ихсэж байгааг эрүүл бус хоолны хэрэглээтэй холбон үзэж байна. Хамгийн гол нь сахарын илүүдэл хэрэглээ нь дээрх өвчнөөр өвдөх хүчин зүйл болж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй юм.
Сахар нь нишингэ, чихрийн манжингаас олон шат дамжлагаар цэвэрлэн гаргаж авдаг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн юм. Цэвэрлэгээг хийх үед нишингэ, чихрийн манжинд агуулагдаж байсан биологийн идэвхт бодисууд, эрдэс, амин дэмүүд нь хамт цэвэрлэгдэж сайхан амтнаас өөр зүйлгүй хий хоосон илчлэг болон хувирдаг байна. Хүмүүс сахарыг өдөр тутмын заавал хэрэглэх хүнс гэж ойлгон ширээн дээрээ савтай сахар тавьж, цай, кофенд хийж уухаас гадна талхан дээр нунтаг цагаан сахар тавьж иддэг бас нэгэн буруу дадал байдаг.
Хүнсний бүтээгдэхүүнд сахар их хэмжээтэй агуулагддагыг бид мэддэггүй.
Жишээ нь: Бид дунджаар 1 халбага /20 гр/ жимсний чанамалаас 12 гр сахар, лаазалсан жимснээс /100 гр/ 52,2 гр, амтат жигнэмэг, бялуунаас /100 гр/ 70,7 гр, төрөл бүрийн жүүс, гаазтай ундаанаас /100 мл/ 95,3 гр гэх мэт сахарыг авдаг байна.
Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийг Байгууллагаас сахарын зохистой хэрэглээг хоногийн нийт илчлэгийн 5% ба хамгийн ихдээ 10%-иас хэтрүүлэхгүй хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь хоногтоо 2000 ккал илчлэг авдаг хүн 25 гр, ихдээ 50 гр сахар хэрэглэх нь зохистой гэдгийг хэлж байгаа юмаа.
Сахартай ундаа, үйлдвэрт бэлтгэсэн жимсний нухаш, чанамал, төрөл бүрийн чихэр, амттан зэрэг нь таны хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэгч хамгийн том дайсан. Учир нь бага насны хүүхдийн шүд хорхойтох өвчний нэг том шалтгаан нь сахарын илүүдэл хэрэглээ юм. Сахар шүдэнд наалдаж үлдсэнээр нян үржих таатай орчин болж, шүд, буйлны өвчин үүсгэнэ. Мөн бодисын солилцооны алдагдал үүсгэснээр кальцийн шимэгдэлтийг бууруулж, шүдийг хэврэгшүүлдэг байна. Энэ бол наад захын сөрөг нөлөө юм.
Сахарын илүүдэл хэрэглээ нь өөх тосны солилцооны алдагдалд хүргэж судасны ханыг нарийсгаснаар зүрх судасны өвчин, цусан дахь инсулины хэмжээг бууруулж чихрийн шижин өвчин үүсгэдэг. Мөн түүнчлэн хавдар, зөнөгрөх зэрэг мэдрэл болоод сэтгэцийн олон өвчний эрсдлийг бий болгодог нь батлагдаад байна.
Сахарын хэрэглээг бууруулахын тулд:
Сахарын зохисгүй хэрэглээ нь биеийн дархлааг сулруулж, халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа таны хүүхэд ойр ойрхон ханиад хүрээд байгаа бол та сахарын хэрэглээгээ нэг анхаарч үзээрэй!
Хэрвээ сахарын илүүдэл хэрэглээтэй байгаа бол
доорх зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалаарай!
1. Сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, гаазтай ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солих мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй.
2. Торт, амтлаг жигнэмэгийн оронд сахарын агууламж багатай жигнэсэн боов эсвэл төрөл бүрийн жимс болон чихэрлэг ногоог хэрэглэж болно. Чихэрлэг ногоонд лууван, шар, хүрэн манжин, эрдэнэшиш зэрэг ордог.
3. Чихэр болон төрөл бүрийн амттанг өдөр тутамдаа биш зөвхөн баяр ёслолын үеэр тохируулан хэрэглэх нь сахарын хэрэглээгээ багасгах нэг алхам юм.
4. Тараг, аарц, хоормог гэх мэт исгэг цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр гэдэсний хэвийн бичил биетүүдийг дэмжиж, дархааг сайжруулдаг.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.