Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын 14 хөтөлбөрт элсэгчээ бүртгэж эхлээд байна. Онцгой байдлын сургуулиас хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн талаар тус сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатараас тодрууллаа.
-Энэ жил Онцгой байдлын сургуулиас ямар хөтөлбөрт элсэгч бүртгэж байгаа вэ?
-Манай сургуулийн хувьд Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 4 жилийн сургалттай өдрийн анги, Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас 3, 5 жилийн сургалттай эчнээ ангиар сонсогч, суралцагч элсүүлэн зөвхөн эрэгтэй элсэгчдийг бүртгэнэ. Энэ хөтөлбөрөөр Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ач холбогдолтой.
Үүгээр зогсохгүй гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэгтэй онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний албан хаагчийг бэлтгэдэг.
Онцгой байдлын сургуулийн мэргэжлийн багш нар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг заадаг юм.
-2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрт Онцгой байдлын сургуульд бүртгүүлэхэд анхаарах зүйлийн талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?
-Манай сургуулийн хөтөлбөрт бүртгүүлэхдээ бусад хөтөлбөрүүдийн нэгэн адил Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн цахим бүртгэлд бүртгүүлнэ. Элсэн суралцахаар бүртгүүлж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй, 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см түүнээс дээш өндөртэй байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна.
Мөн ял шийтгэгдэж байгаагүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг тавьдаг.
Харин элсэлтийн ерөнхий шалгалтын суурь шалгалт математикийн хичээл байна. Харин босго оноо нь 560 ба түүнээс дээш, хавсарга шалгалт Элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэг хичээлд 480 буюу түүнээс дээш оноо авсан 17-25 насны эрэгтэй элсэгч байна.
-Онцгой байдлын сургуулийн сургалтын орчин, судлан суралцах хичээлийн талаар товч танилцуулна уу?
-Онцгой байдлын сургууль нь сургалтын орчин бүрдүүлэх тал дээр байнга анхаарч ирсэн. 2020-2021 оны хичээлийн жилд клиник болон дадлагын сургалтыг зохион байгуулах Гал түймэр унтраах аврах анги, усан бассейнтай болж, “Сургалтын тоглолт”, “Хээрийн сургалт”, дадлагын хичээлийг улирал тутам зохион байгуулж хэвшсэн юм. Үүний үр дүнд ирээдүйн офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оновчтой шийдвэр гаргалт, зохион байгуулалтыг танхимын сургалтаар олгож байгаа нь эерэгээр нөлөөлж байна.
Манай энэ хөтөлбөрт хамрагдсан суралцагчид нь 1-2 дугаар дамжаандаа Оросын холбооны улсын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академи, БНСУ-ын Чангшин их сургууль, Унгар улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Турк улсын ижил төрлийн гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах боломж бүрдсэнээрээ онцлогтой.
-Онцгой байдлын сургуульд суралцаж төгссөнөөр ямар ажил албанд томилогдох вэ?
-Манай энэ хөтөлбөр 2020 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссоор орж, гэрчилгээгээ авахад бэлэн болоод байна. Сургуулийнхаа хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр олон улсын хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, сургалтын чанар илүү сайжирах гээд олон талын ач холбогдолтой. Онцгой байдлын сургуулийг сонгон суралцсанаар Онцгой байдлын байгууллагын Аврах анги, салбарууд болон Гал түймэр унтраах, аврах ангийн бүлгийн дарга, салааны дарга, байцаагч, ангийн захирагчийн албан тушаалд офицер цолтой ажиллана.
Төгсөгчид маань Гамшигтай холбоотой аливаа нөхцөл байдал, шаардлага хэрэгцээг урьдчилан харж, тооцоолох замаар гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах чадварыг эзэмшиж эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа үе үеийн төгсөгчдөөрөө бахархаж явдаг юм.
Эх сурвалж: ДХИС
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.