Дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах хүмүүсийн жагсаалтад оруулсан байсан билээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн соёрхолт дуучин Б.Болдыг ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Эрэн сурвалжлах үйл ажиллагаа нь иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах гэх мэт олон үндэслэлээр цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даатгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаад хандсан. Энэ дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон байгаа.
-Замын цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааныхаа журмын хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид энгэрийн камер ашигладаг. Үүнд цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаа, эсвэл иргэний маргаан байна уу гээд болсон процесс, үйл ажиллагааг бичиж авдаг. Гэмт хэрэг зөрчлийн дуудлага дээр очсон ч энгэрийн камер ажиллуулж, бичлэг хийдэг. Харин тэрхүү бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан эсэх асуудлаар ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт албан ёсны шалгалт явуулж байна.
-Олон нийтийн сүлжээнд нэг эмэгтэйг цацагдсан. Энэ асуудлыг шалгаж эхэлсэн үү?
-Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, анх мэдээлэл тавигдсан иргэний хаяг болон Багануур дүүрэгт энэ асуудлыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар бичлэгт гарч байгаа хүнийг Э гэж эмэгтэй болохыг тогтоон холбогдох шалгалт хийгдэж байна.
-Сүүлийн үед цахим орчинд хувь хүний нууцтай холбоотой бичлэг цацагдах явдал их боллоо. ЦЕГ-ын харьяа цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хувь хүн өөрийнх нь нууцтай холбоотой бичлэг цацагдсан тохиолдолд гомдлоо гаргаж, шалгуулах эрхтэй. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, хуулийн дагуу шийднэ.
-“Энхсаруул” сувилалтай холбоотой хэргийн үйл явцын талаарх мэдээллийг боломж байна уу. Хичнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?
-УОК-оос цагдаагийн байгууллагад тухайн үед шалгуулах албан бичиг ирсний дагуу мөрдөн байцаах тасаг дээр ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна. Тухайн үед Эрүүл мэндийн яам болон УОК-ийн албан хаагч, сувиллын удирдлага гэх мэт албан тушаалтантай холбоотой 6 хүн хайнга хандах гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн тухайн үед сувилалд амарч байсан хүмүүсээс байрны дэглэм журам зөрчиж, өрөө байраа солих, бусдын өрөөгөөр зөвшөөрөлгүй орох, амны хаалтаа зүүгээгүй гэх мэт зөрчил гаргасан 5 хүнийг Эрүүгийн хуулийн 15.6-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн бусдыг өдөөн турхирсан, үймээн самуун бий болгосон гэх үндэслэлээр 2 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүргүүлсэн байгаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.