Эхийн эндэгдэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах ажил хариуцах эзэнтэй боллоо

2017-05-29 Мэдээ мэдээлэл

Монгол Улсэд эх, нярайн эндэгдлийг бууруулах зорилго бүхий “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн төгсгөлийн шат өнөөдрөөс эхлэн хэрэгжив.

Уг төслийг Монгол Улсад НҮБ-ийн Хүн амын сан, Люксенбургийн Засгийн газар хамтран 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд аймгуудын төв эмнэлгүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй цахим сүлжээгээр холбожээ. Ингэснээр орон нутгийн иргэд аймгийнхаа төв эмнэлгээр дамжуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй цахимаар холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах боломж бүрдсэн байна. Үүний үр дүнд эх нярайн эндэгдэл 1990 онтой харьцуулахад 75 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, 1990 онд эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 200 байсан бол 2015 онд 25 болсон байна. Ингэснээр Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болж чадсан гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэллээ.

2016 онд улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан эхийн эндэгдэл тодорхой хэмжээгээр өссөн байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа баталгаажуулах шаардлагатай гэдгийн илрэл байсан хэмээн ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр дурдав. Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийг цааш нь тогтвортой хөгжүүлэх нэгжийг  ЭХЭМҮТ-д байгуулсан. Ингэснээр эхийн эндэгдэл, 0-5 хүртэлх насны
хүүхдийн эндэгдлийг бууруулах ажлыг хариуцах эзэнтэй боллоо гэж ойлгож болно” хэмээв.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.