А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ

2021-03-19 Нийгэм

 

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ.
Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа.

-Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье.
Дотоод хэргийн их сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрөөр элсэлт зохион байгуулах тухай Их сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/69 дугаар тушаал баталсан.

Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг хоёр жилийн хөтөлбөрт хамруулж “Цагдаагийн ажил эрх зүй”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Шинжээч мөрдөгч” гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна.

Энэхүү хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд тухайн хөтөлбөрийг сонирхож буй иргэд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, элсэлтийн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна.

-Тухайн хөтөлбөрт ямар мэргэжилтэй иргэд хамрагдах боломжтой вэ. Хөтөлбөрийн гол шалгуур нь юу бол?

-Дээрх хөтөлбөрт хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүнг харгалзана. Тухайлбал, өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүн төрийн өмчийн сургууль төгссөн бол 2.5, төрийн бус хувийн өмчийн сургууль төгсөгчийн хувьд 3.0-аас доошгүй байна.

Энэхүү хөтөлбөрт эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй мал эмнэлзүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг бакалаврын аль нэг чиглэлээр боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлнэ. Эдгээрээс өөр мэргэжлээр төгсөгчийг бүртгэхгүй. (Тухайлбал, эрх зүйн боловсролтой иргэн тухайн чиглэлээр цагдаагийн байгууллагад ажил эрхлэх боломжгүй учраас дахин суралцах шаардлагагүй.)

Мөн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сорви, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй байх нь үндсэн шалгууруудын нэг гэж болно. Хөтөлбөрийн тусгай шаардлагад эрэгтэй, 17-25 хүртэл насны, 170 см буюу түүнээс өндөр, ял шийтгүүлж байгаагүй, иргэдийг элсүүлдэг талаар сануулах нь зүйтэй болов уу.

-Дээрх таны дурдсан мэргэжлийг эзэмшсэн иргэд бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцах хугацаанд ямар чадварыг эзэмших вэ?

-Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Хүний хөгжил гэсэн бүлэгт “…Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тогтолцоотой уялдуулан шинэчлэн үндсэн болон хавсарга мэргэжлээр зэрэг суралцах хөтөлбөрийн системийг бий болгох …”, түүнчлэн “… дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх …” талаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “… хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ.“ хэмээн дурдсан байгаа.

Мөн үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” /D103201/ бакалаврын хөтөлбөрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 03 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна.

Дээр дурьдсан бодлогын баримт бичиг болон мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэшсэн төрийн тусгай алба хаагчийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд манай сургуулиас хэрэгжүүлж буй хоёр жилийн бакалаврын хөтөлбөр чухал ач холбогдолтой.

Өнөөдөр практикт үндэстэн дамнасан зохион байгуулалттай экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэх мөрдөгчид нийгэмд эрэлттэй байна.

Иймд мэргэшсэн мөрдөгчдийг бэлтгэх зорилгоор өмнөх эзэмшсэн боловсролд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд богино хугацаанд мэргэшүүлэхээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэдэд зориулан энэхүү хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зохион байгуулж байна.

-Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй, дээд боловсролтой иргэдийг хэзээнээс мөрдөгчөөр бэлтгэж эхэлсэн бэ?

-Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлсэн бөгөөд анхны төгсөлтөө 2019 онд хийсэн. Өдгөө төгсөгчид маань цагдаагийн байгууллагуудад үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад баяртай байна.

Мэргэшүүлэх бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, криминалистик болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ.

Мөн тухайн хөтөлбөр нь криминалистикийн мэдлэгтэй тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэх юм.

-Шалгуурт тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бусад нэмэлт шалгалт өгөх талаар журамд тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу?

-Элсэлтийн журамд зааснаар эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн таван чанараар эрэмбэлнэ. Тус шалгаруулалтаар 100 онооны 50 хувь буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид дараагийн нэмэлт шалгалтад хамрагдана. Дараагийн сэтгэлзүйн сорил, ярилцлага хийх шалгалтаар сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг шалгадаг. Ингэхдээ мэргэжлийн сонголт, сэтгэлзүйн хандлагын түвшингээр тус тус тодорхойлдог.

-Төгсөгчид цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана гэж байсан. Тэгэхээр ажлын байр нь бэлэн гэж ойлгож болох уу?

-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт мэргэшүүлэх хоёр жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана. Тэд суралцах хугацаандаа цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг. Цагдаагийн ерөнхий газраас онц төгсөгчдийг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнадаг. Ингэснээр цагдаагийн дэслэгч цолноос цагдаагийн ахлах дэслэгч цол хүртэлх гурван жилийн хугацааг хэмнэх гэх мэт давуу тал үүснэ. Мөн өмнө нь дээд сургууль төгссөн иргэн суралцах арга барилын хувьд тогтсон байдаг тул давуу тал олонтой гэж болно.

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй дээд боловсролтой иргэд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг мэргэшүүлэх чиглэлээр богино хугацаанд цагдаа, мөрдөх албаны эрдэмд шамдана суралцана гэдэгт итгэлтэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.