Хакүхо М.Даваажаргал Харүмафүжиг давснаар 38 дахь түрүүгээ авлаа

2017-05-29 Спорт

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өчигдөр өндөрлөлөө. 2006 оны тавдугаар сарын башёд анх түрүүлж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр өндөрлөсөн Нацү башёгоос 38 дахь түрүүгээ авлаа.

Башёгийн дунд үеэс Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас үргэлжлүүлэх боломжгүй болсон. Өрсөлдөөн Хакүхо, Харүмафүжү, Тэрүнофүжи нарын дунд өрнөж эхэлсэн. Гэхдээ Хакүхо 11 дэх өдрөөс эхлэн башёг ганцаараа тэргүүлж эхэлсэн юм. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч бол Харүмафүжи, Тэрүнофүжи нар байсан бол  Хакүхо 14 дэх өдөр нутгийн бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж, сүүлийн өдрийн барилдааныг хүлээлгүй түрүүлэх болзлоо хангасан. Улмаар 15 дахь өдөр Харүмафүжиг давснаар нэг ч унаагүй башёд түрүүллээ. Энэхүү түрүү Хакүхогийн хувьд 38 дахь түрүү нь байсан бөгөөд бүтэн жилийн дараа тэрбээр эзэн хааны цомыг хүртэж байна. Учир нь өнгөрөгч орны тавдугаар сард түрүүлснээс хойш Хакүхо башёд түрүүлж чадаагүй байсан юм. Энэ хугацаанд Харүмафүжи, Какүрюү түрүүгээ ахиулсан бол япон бөхчүүдээс Гоэйдо, Котошёогикү эхний түрүүгээ авсан. Мөн 2017 он гарсаар Кисэносато нэг, гуравдугаар сарын башёд дараалан түрүүлж, аварга цол хүртсэн юм.

ДЭЭД ЗИНДААНД БАРИЛДСАН МАНАЙ БӨХЧҮҮД.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-4
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4 /башёг орхисон/
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-3
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 5-10
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-6
Маэгашири-9 Ичиножёо А.Ичинноров 8-7
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 7-8 гэсэн амжилтыг үзүүллээ. 

 

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.