2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав.
Мэдээж зарим мэдээллийг аль 10-20 жилийн өмнө ил болгосон хэдий ч зөвхөн америкийн Мэриланд хотод байх Үндэсний архивийн газарт биеэрээ очиж байж үзэх боломжтой байсан билээ. Тагнуулын төв газар бол АНУ-ын Холбооны Засгийн газрын гадаад тагнуулын алба бөгөөд дэлхий даяар тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг олзворлож, задлан шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй байгууллага юм.
Энэхүү тагнуулын ажилдаа америкчуудын татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд ойролцоогоор 15 тэрбум ам.доллар /2013 оны тоо/ зарцуулдаг аж.
Ил болсон мэдээллийн дотор 1940-1990-ээд онд хамаарах хүйтэн дайны үеийн баримтууд, үл таних нисдэг биетүүдийн судалгаа, сансрын нууц төслүүдийн нэг “оддын хаалга” физик туршилтууд, 1952 онд эхлүүлсэн мк-ултра /МК-Ultra/ буюу хүний бодол санаа, зан ааш удирдах, хянах хөтөлбөрүүд гэх мэт урьд өмнө нь нууцын ангилалд байсан олон ажиллагаануудын тухай маш их материалиуд багтаж байна. Эдгээр ил болсон материалыг “https://www.cia.gov/library” гэсэн хаягаар ороод сонирхож буй сэдвийнхээ нэрийг бичээд үзэх, хадгалаад авах боломжтой.
Миний бие уг хаягаар ороод хайлтын цонхонд “Mongolia”, “Outer Mongolia”, “Tsed- enbal”, “Choibalsan” зэрэг үгийг бичээд хайхад манай улсын өнгөрсөн түүхтэй холбоотой олон мэдээллүүд гарч ирж байна. Тухайлбал, “Гадаад Монголын тагнуулчид Өвөр Монголд”, “Зүүн Европын цэргийн төлөөлөгчид Монголд байгаа тухай илтгэл”, “Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчин”, “Даалгавар №1109 Монголын Чойбалсан хот дахь цэргийн хөдөлгөөн”, “Даалгавар №1107 Монгол дахь шинэ нисэх буудал”, “ЗХУ болон Монголыг холбосон хурдны зам”, “Монголын Сайншанд дахь газрын тосны талбай”, “Улаанбаатар хотын ойролцоох Газар-Агаар ангиллын пуужингийн байгууламжийн тухай”, “Чойбалсан хот дахь Зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн” гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл байна.
Америкийн ТТГ-аас монголчуудын талаар ЗХУ-ын баримталж байсан бодлого, БНМАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалтны тухайцуглуулсан мэдээллүүд тун сонирхолтой. Жишээлбэл, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Америкийн тагнуулын төв газраас тус албаны захирал Виллиам Ж.Касейд зориулан бэлдсэн “Ю.Цэдэнбалаас Ж.Батмөнхөд эрх мэдэл шилжих үйл явцын талаарх” 7 хуудас тайланг нэрлэж болно. Уг тайланд “Зөвлөлт Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Ю.Цэдэнбалын эрүүл мэндийн байдлыг шалтаг болгон түүнийг огцруулах ажиллагааг Москва зохион байгуулсан” гэсэн дүгнэлтийг америкчууд хийжээ.
Түүнийг огцруулахад нөлөөлсөн гол гурван хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгд, Зөвлөлт дэмжээд байхад Монголын эдийн засгийг муу удирдсан, хоёрт, орос эхнэрийнхээ нөлөөгөөр Зөвлөлтийн өмнөх засгийн бодлогыг тууштай дэмжигч, гуравт, 1982 оноос ЗХУ нь Хятадтай харилцах хатуу харилцаагаа зөөллөөд байхад түүнийг ойлгохгүй хэтэрхий Хятадын эсрэг бодлого баримталдаг” зэрэг багтаж байв. Мөн уг тайлангийн төгсгөлд “Улаанбаатарт болж буй ямар нэгэн үйл явдлыг Москва анхааралтай ажиглаж байгаа, ялангуяа ямар нэгэн бодлогын чиглэлээр хийгдэх ажил бүхэн Кремлээс шалтгаалах буюу хамааралтай болжээ” гэсэн байв.
Өөрөөр хэлбэл, манай улсын төр, засаг 1984 оноос Зөвлөлт oросоос бүрэнхамааралтай эсвэл хяналтад оржээ гэж дүгнэж болохоор байна. Уг бэлтгэсэн тайлангаа ТТГ-ын дотоод салбар, нэгжүүдэд олшруулан тараахаас гадна Үндэсний аюулгүй байдлын агентлаг, ЗХУ-Зүүн Европыг хариуцсан алба, Үндэсний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ- ын Төрийн департмент, Батлан хамгаалах яам зэрэг тагнуулын гол байгууллагууд руу илгээдэг байна.
Энэ бүх материалиудаас америкчууд 1960-1980 оны сүүл хүртэл ЗХУ-ын Монголд явуулж буй бодлого, Монгол дахь Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагаа, Монголын хилийн район дахь БНХАУ-ын цэргийн ажиллагааг гойд сонирхож, энэ талаарх мэдээллийг тагнуулын төрөл бүрийн хүч хэрэгслийг ашиглаж цуглуулаад дүн шинжилгээ хийн америкийн шийдвэр гаргах төрийн дээд албан тушаалтнуудад танилцуулдаг байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Америкчуудын хувьд Монгол орон 1987 онд Улаанбаатарт өөрийн Элчин сайдын яамаа нээх хүртэл “хаалттай бүс” байсан гэж хэлж болохоор. Тийм учраас манай улсын тухай мэдээллийг ихэвчлэн сансрын тагнуулын хиймэл дагуулаас авсан фото зураг, ЗХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон дахь өөрсдийн тагнуулын албадаас цуглуулж авдаг байсан бололтой. Америкчууд Монголд өөрийн цэргийн атташегаа суулгах оролдлого хийж байсныг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байжээ.
Энэ тухай 1970 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ТТГ-ын захиралд хаягласан маш нууц захидалд дурьдсан байна. Захидалд “Манайд Элчин сайдад энэ асуудлаар хариулт өгөх албан ёсны цэргийн атташе Монголд байхгүй. Москва дахь манай цэргийн атташе хааяа нэг Улаанбаатар хотод айлчилдаг ба дараагийн удаа тийшээ явахдаа энэ асуудлыг судлах бодолтой байгаа хэдий ч хэзээ явах хугацааг одоогоор хэлэх боломжгүй байна” гэж өгүүлжээ.
Ялангуяа, 1970 оны сүүлчээр ЗХУ, БНХАУ хоёр муудалцаж, хоёр улс өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчийг Монголын хилийн дагуу зузаатгаж байсан тэр эгзэгтэй цаг мөчид америкийн тагнуулчид маш өндөр ач холбогдол өгч, тун идэвхитэй ажиллаж байж.
Америкчууд дэлхийн тойрог замд буй өөрсдийн “Kh-11 Кеnnеn” загварын тагнуулын хиймэл дагуулуудыг ашиглан /1982 оноос “Crystal” гэж нэрлэх болсон/ манай улсын нутаг дэвсгэрт явагдаж буй зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагаа, барилга, байгууламж, нисэх буудлын зургийг өндөр нарийвчлалтай авч түүндээ дүгнэлт хийн мэдээ, материал бэлтгэдэг байжээ.
Тухайлбал, “Монгол дахь цэргийн үйл ажиллагаа” сэдвээр 1970 оны 1 дүгээр сард ТТГ-аас бэлтгэн 118 хувилж тараасан маш нууц зэрэглэлтэй 4 хуудас тайлан байна. Энэ бол ТТГ-ын “Үндэсний фото зураг тайлбарлах төв” хиймэл дагуулаас авсан зургууддаа үндэслэж бичсэн тайлан юм.
Тайланд “Зөвлөлтийн цэрэг Монголд байрлах ажиллагаа 1965 онд эхэлсэн, 1967 онд энэ үйл явц улам эрчимжин 1969 он хүртэл үргэлжилсэн. 1970 оны 1 дүгээр сарын байдлаар Монголд 2 байнгын нисэх буудал, 17 хээрийн нисэх буудал баригдаад байна. Мөн хамгийн багадаа 3 дивиз цэргийн хүч байрлах боломжтой хуурай замын цэргийн 5 баазыг одоохондоо олж илрүүллээ. Цэргийн зориулалттай байгууламжуудыг өргөтгөх, эсвэл шинээр барих ажил тасралтгүй явагдаж байна.
Цэргийн хүчийг төвлөрүүлэх ажлыг Монголын зүүн талын нутгаар ялангуяа Транс-Монголын чиглэлийн төмөр зам болон Чойбалсан хотын районд явуулж байна” гэжээ. Налайх, Чойбалсан дахь нисэх буудлыг дурьдсан ба уг газруудад 1969 оны 12 дугаар сараас эхлэн “МиГ-17” сөнөөгч онгоц бүхий Зөвлөлтийн нисэхийн хороод байрлаж байв. Харин хуурай замын цэргийн хувьд гурван дивизийн хэмжээний ангиуд байрлаж буй газруудаар Улаанбаатар хот, Сүмбэр сум, Сайншандыг нэрлэсэн. Усан цэргийн зориулалттай 4 дэх том байгууламжийг Чойбалсан хотод, 5 дахь байгууламжийг Налайхад байгуулж байна гэж гэсэн дүгнэлтийг хийжээ.
Зөвлөлтийн цэрэг Улаанбаатар хотод анх 1966 оны эхээр үзэгдэж эхэлсэн. Тэр цагаас хойш тус бүр нь 100 гаруй байшингаас бүрдсэн хоёр том цэргийн баазыг барьж байгуулсан ба энд ойролцоогоор 2000 гаруй нэгж цэргийн техник, хэрэгсэл бий. 1968 оны сүүлчээр уг баазад Зөвлөлтийн мотобуудлагын дивиз анх харагдсан. Сүмбэр суманд цэргийн байгууламж байгааг 1969 оны 12 дугаар сард анх илрүүлсэн. Одоогоор 46 байшин баригдсан байгаа бол нэмээд 76 байшингийн суурь байна. Мөн 80 орчим майхнаас бүрдсэн лагерь, 1969 оны 12 дугаар сард 600 гаруй техник, 12 нэгж агаарын довтолгооноос хамгаалах цэргийн их буу харагдсан тухай мэдээлэл багтжээ.
Дараагийн удаа солонгосын дайнд Монголын цэргүүд өвөр монголчуудтай хамтран тулалдаж явсан тухай, ар монголд бэлдсэн тагнуулчид өвөр монголд хэрхэн ажиллаж байсан тухай материалыг бэлтгэн хүргэх болно.
Дэд хурандаа Р.Энхболд
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.