Энэ залуу…

2021-01-6 Гэр бүл
Тэр үнэрлээд тосох аав, үнсээд угтах ээжийн хүү. Тэр халуун хоолтой хүлээдэг хань, хаалганы чимээ сонсоод гүйлдэн ирдэг хүүхдүүдтэй. Тэр бидний л адил хэн нэгний хүү, хэн нэгний хань, хэн нэгний ах, бас дүү, анд нөхөр. Түүний хөл даарч, тэр бас машины утаанд амьсгалаа түгжиж, амьдралаа зохицуулах гэж элдвийг бодож байгаа. Дүн өвлийн хүйтэнд цагдаагаа гадаа зогсоож байгаа төрөө буруутгаж байна уу? Хэрэв цагдаа цагдахгүй л бол, шүглээ үлээхгүй бол, дохиж зогсоохгүй бол, хоёр талдаа хоёроос зургаан эгнээ замаар, ямар ч хяналтгүйгээр, ямар ч хориггүйгээр, зөвшөөрөл харгалзахгүй зөнгөөрөө бэлчихэд бэлэн хэдэн арван мянган дураараа сэлгүүцэгчид бий. Тэд өдөр болгон цагдааг харааж, мөч болгонд тэдний зүг цонхоороо нулимчихаад, цочмоор хараалаа шүлс шиг хаячихаад буцсаар л байгааг харж болно.
Хэрэв цагдаа зам дээр байхгүй бол хотын машины урсгал одоо байгаагаасаа гурав дахин нэмэгдэж, энэ вирус гурав дахин хурдтай тархана. Яагаад замаа нэг эгнээ болтол хориг тавиад байгаа вэ гэж үү? Хянахын тулд, цагдаа нарын хяналтын цэгээс таван машины дөрөв нь буцдаг. Анзаарч хараарай, эхнэр хүүхэд, ээж аавыгаа бөөнд нь суулгачихаад цор цор ханиагаад, цочмоор хараал хэлээд, цонхоороо тамхины ишээ няслаад явж байдаг. Хөл хориотойг мэдсээр байж, хөөгдөөд буцахаа ярьсаар байж машинаа асаагаад манартал хаазалж байхдаа хандлагаа өөрчлөх цаг ирснийг харин ч нэг сэхээрэхгүй. Тиймээс энэ залуу ингээд зогсож байна.
Энэ залуу, магадгүй энэ өдрүүдэд авсан хууч өвчнөөрөө хожмын он жилүүдэд эмнэлгийн хаалгыг нэг бус татна. Энэ залууг хайрлаж байна уу, тэгвэл хандлагаа өөрчил. Ганцхан өөрийгөө өөрчлөөд зогсох бус, эргэн тойрныхоо, ойр дотныхоо хүмүүст “Таныг ийм хулгайч, худалч зантай болохоор л тэр цагдаа гадаа хөлдөж осгож, бээрч байгаа юм” гэж чанга хэл, өмнөөс нь харж байгаад хандлагаа өөрчлөх ёстойг нь сануул! Өнөөдрийг хүртэл нэг ч цагдаа төрдөө гомдоллоогүй, ард түмэндээ ялархсан ганц үг хэлээгүй. Гэхдээ тэд бидний эерэг хандлагаар дутаж байна. Халуун цай оочих таван хором ч өгдөггүй хатуу, хайхрамжгүй, дүрэм журам баримталдаггүй дүлий хандлага л өвлийн хүйтнээс илүү тэднийг хайрч байна.
Сэтгүүлч Р.Эмүжин

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.