МОНГОЛ ГЭРИЙН ТУХАЙ: Гэр нь дэлхийтэй адил бөөрөнхий учраас булан тохойд нь муу энерги үлддэггүй

2021-03-30 Монгол уламжлал
Монголчуудын гэр 10 мянган жилээс ч өмнө үүссэн гэдгийг нотлох янз бүрийн хадны сүг зурагнууд олджээ. Хамгийн тод жишээ нь Өвөрхангай аймгийн Бугат сумын хадны зураг бөгөөд яндантай гэр зурагдсан байдаг бол Баян-Өлгий аймгийн Цагаан салаа хадны зурагт гэр, дөрөө хоёр зурсан байдаг. XIII зууны үед хэд хэдэн янзын гэр байжээ.
Хүзүүвчин тоонотой, нүүдэл хийхдээ тэргэн дээр бариад зөөж явдаг байсан гэрийг тэрэгт гэр гэдэг бол гадаад дотоодын элч нарыг хүлээн авдаг, их хуралдай хуралдуулдаг хэдэн зуун хүн багтах том гэрүүд байсан бөгөөд түүнийг орд гэр буюу шилтгээн гэр гэнэ. Ноёд язгууртнуудын дайн байлдаанд авч явдаг дайны зориулалттай гэрийг гэрлүгэ хэмээнэ. Бургас зэргийг үзүүрлэн бие биед нь углуургадан хийгээд ханыг өвсөөр хучсан гэрийг өвсөн гэр гэдэг бол урц маягийн хэлбэртэй гэрийг хошлиг гэр гэдэг байжээ. Мөн XIII зууны үед Монгол хаадын гэрийг олон арван шар үхэр хөллөсөн тэргэн дээр барьж нүүдэл хийдэг байсан. Их тэрэгнээс гадна дөрөв, найман үхэр хөллөсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байжээ.
XYI зуунаас одоогийн Монгол гэрийн хэлбэрт шилжсэн бөгөөд гэрийн том бага хэмжээ нь зэрэг дэв, хөрөнгө чинээнээс хамаарч байв. Жирийн малчдын гэр 4-5 ханатай, ноёдын гэр ихэвчлэн 6-8 ханатай, аймаг хошууны тамгын газрын гэр 10-12 ханатай байв. Чинээлэг айлууд гэрийн дээгүүр цас борооны ус, салхи шуурганаас хамгаалсан хөлт өрх хэрэглэж, дээврийн бүрээсээ улаан хөх халзаар чимдэг байв. Улаан халз нь баяр баясгаланг, хөх халз нь тэнгэрийг бэлгэдсэн бол шарын шашин дэлгэрсэнтэй холбогдон гэрийн чимэглэлд янз бүрийн хээ угалз бүхий итгэл бишрэлийн чанартай зүйлс орж ирсэн. Энэ үеийн ядуусын гэрийг цээж гэр, товь гэр, хатгуур гэр гэх мэтээр нэрлэж байжээ. Цээж гэр гэдэг нь зөвхөн унь тооно гэсэн яс модтой гэрийг хэлдэг бол хатгуур гэр нь дөрвөн талтай шовгор оройтой байжээ. Бургасыг зориуд махийлган унь ханыг нь үргэлжлэл болгон хийсэн гэрийг товь гэр гэдэг.
Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 килограмм байдаг учир хэдхэн тэмээ сарлаг зэрэгт ачаалаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор хоёул гурвуулхнаа барьчихдаг, нүүдэлд тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Нүүдэл хийж яваа хүмүүсийг угтан тосож цай идээгээр цайлдаг, гэр барьж байхад таарвал таньдаг ч бай, таньдаггүй ч бай очиж тусалдаг заншилтай. Гэрийн их багыг хананы тоо ба толгойгоор ялгана.
Гэр бол дэлхийтэй адил бөөрөнхий дугуй учраас булан тохойд нь муу энерги хоргодон үлдэхгүй, гэрт байгаа хүн сайхан амарч унтаж чаддагаас гадна хүний уур бухимдал, уцаарыг амархан тайлдаг байна. Хана болох эсгий туурга нь цагт 500 удаа агаар солилцож чаддаг ажээ. Монгол гэр нь жилийн 4-н улиралд ямарч үед ашиглахад тохиромжтой, Монгол үндэсний нэгэн томоохон соёлын өв болсон хамгийн түгээмэл сууц юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.