Зарим бүтээгдэхүүний найрлагыг харвал “Е-304, Е-951” гэсэн тэмдэглэгээ байдаг. Гэвч үүнийг бид тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэ нэмэлт химийн бодис нь хорт хавдар үүсгэх хүртэл аюултай юм байна. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ч.Батцэцэгтэй ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа “Е” нэмэлт бодис гэж яг юуг хэлдэг гэдгээс эхэлье. Үүнийг хүнсний бүтээгдэхүүнд заавал ашиглах ёстой байдаг юм уу?
-“Е” тэмдэгт гэдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнсний чанарыг үнэлэн олгодог, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр заавал бичих ёстой код бүхий тэмдэглэгээ юм. Европт 1953 онд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ангиллыг хийж, тун хэмжээг нь хэтрүүлэхгүйгээр хүнсэнд хэрэглэж болохуйц бүтээгдэхүүнд “Е” индексээр тэмдэглэгээ хийсэн. Ингээд дэлхий даяар хүнсний нэмэлт бодисын нэгдсэн ангилалтай болсон. Энэ нь эрүүл ахуйн дүрэм, журмыг даган мөрдөж, технологи боловсруулалт хийх, хэрэглээнд нэгдсэн нэг аргачлалтай, хяналт шинжилгээ хийхэд ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм.“Е” тэмдэглэгээ бүхий орцуудын зарим нь хүний эрүүл мэндэд огт хор нөлөөгүй байхад химийн гаралтай нэмэлтүүд нь хүний эрүүл мэндэд маш их хортой. Тухайлбал, хорт хавдар үүсгэх, генд өөрчлөлт оруулах, ургийн гажиг үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй нь нэгэнт батлагдсан тул дэлхийн зарим улсад хил гаалиараа нэвтрүүлэхийг хориглож эхэллээ.
-Тухайлбал, хүүхдийн хамгийн их хэрэглэдэг чипсний найрлаган дээр Е621 гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ нь ямар нөлөөтэй бодис вэ?
-Дэлхий нийтээр хүнсний нэмэлт бодисуудын хувийн нэр, дугаарыг ижил богино кодоор тэмдэглэдэг. Тухайлбал,
Глутамат натрийг Е621 гэж тэмдэглэдэг. Энэ нөөшлөгч бодисыг хүнсний бүтээгдэхүүний бактерийн өсөлтийг зогсоох, ялзрал үүсгэхгүй байх, удаан хугацаагаар хадгалахад муудахгүй байлгах зорилгоор хэрэглэнэ. Глутамат натри нь үнэр бэхжүүлэгч үйлчилгээтэй, хүүхдийн зан авирт маш муу нөлөө үзүүлдэг бодис юм. Е621 код ихэвчлэн бүх төрлийн бэлэн гоймон, амтлагч тухайлбал, дашида, үүсүү, бульон зэрэгт агуулагддаг. Мөн салат, махны амт оруулагч бүтээгдэхүүн, бас чипсэнд түгээмэл байдаг орц юм.
Үүнээс гадна хүүхдүүдийн ихээр хэрэглэдэг сироп, ундаа, төрөл бүрийн амттан, хатаасан жимсэнд өнгө оруулах, өнгийг сэргээж тодотгох, зорилгоор хүнсний будаг (E100-E199) хэрэглэдэг. Эдгээр өнгө оруулагчийн зарим нь хүний эрүүл мэндэд хоргүй байхад зарим нь харшил өгч, дотор муухайруулж болзошгүй байдаг. Жишээ нь Е123 будагчийг загасны түрсэнд улаавтар хүрэн, бараан улаан, улбар шар, ягаан өнгө буй болгодог ба харшил өгч болзошгүй, ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй гэж үздэг учраас АНУ, Австри, Орос, Норвеги зэрэг олон оронд хорьсон.
-“Сосо соla” ундааны сахарын агууламжгүй төрлийг хүмүүсийн ихээр хэрэглэх болсон. Гэхдээ Е951 гэсэн тэмдэглэгээ байдаг санагдана?
– “Сосо соla” ундааны “zero” төрлийн шошгон дээр сахарын агууламж 0 грамм гэж тэмдэглэснийг хүмүүс ямар ч сахарын агууламжгүй гэж ойлгодог. Гэтэл сахар орлуулагч бодис нь сахараас ч илүү хор хөнөөлтэй. Энэ ундааны шошгон дээрх Е951 сахарын амт оруулагч бодис нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, депрессийн байдалд оруулдаг. Улмаар хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Е951 нь хийжүүлсэн ундаа, бохь, хиам, нөөшилсөн махан төрлийн бүтээгдэхүүн, йогурт, чипс, зайрмаг, соус зэрэг бүтээгдэхүүний шошго дээр бий. 2007 онд 3-9 настай хүүхдүүдийн дунд хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар “Е” тэмдэгт буюу синтетик гаралтай, шингэн хүнс тогтворжуулагч E102, E104, E110, E122, E124, E129 бүхий хүнсний будаг агуулсан ундаанууд нь хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй холбоотойг тогтоосон байна. Ер нь бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг тул хүүхдүүддээ авч өгөхөөс татгалзах хэрэгтэй. Эцэг, эхчүүд гэр бүлээ хордуулахгүйн тулд хүнсний бүтээгдэхүүн дээрх “Е” тэмдэглэгээг зөв уншиж сурах нь маш чухал. Жишээлбэл, зайрмагны шошгон дээр Е471, Е412, Е410, Е407, Е466, Е433 зэрэг “Е” тэмдэгт орцууд байдаг. Гэтэл хэтрүүлэн хэрэглэвэл Е466 нь харшил, тууралт өгөх, арьсны өвчлөл үүсгэхэд нөлөөлөх, Е407 нь эд эрхтнийг гэмтээдэг гэдэг нь нэгэнт нотлогдсон орц байх жишээтэй.
-Хадгалалт удаантай бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Энэ нь бас нэмэлт бодистой холбоотой юу?
-Тиймээ. Консервантууд буюу хадгалах хугацааг уртасгагч бодисуудыг E200-E299 гэж тэмдэглэдэг. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн нян, бактери мөөгөнцрөөс хамгаалах нэмэлтүүдийг жүүс, консерв, майонез, жимсний компот, хатаасан жимс, жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, хатаасан мөөг, боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн ашигладаг. Эдгээр бодисууд нь харшил өгөх, их хэмжэгээр хэрэглэсэн тохиолдолд ходоод гэдэсний хямрал үүсгэж болзошгүй нөлөөтэй байдаг. Сүүлийн үед Е220 тэмдэгтэй бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэхэд кальцийг биеэс хөөн гаргаж, В1, В12 витаминыг задалдаг тул бөөрний дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Мөн бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлд олон тооны антибиотикийг (E700-799) ашиглаж байна. Антибиотик нь сүү, сүүн бүтээгдэхүүн, амьтны гаралтай хоол хүнсэнд их агуулагддаг. Амьтдын амьдын жин, бүтээгдэхүүний гарц, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж буй төрөл бүрийн антибиотикуудын үлдэгдэл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Бүтээгдэхүүнийг исэлдэх, гашлахаас хамгаалдаг антиоксидантууд, хүчиллэг зохицуулагчид (Е300-399) гэсэн нэмэлт бодис нь махан консерв, хиаман бүтээгдэхүүн, загасан консерв, жимсний чанамал, чихэр, бохь, шар айраг, шарсан төмс, сироп, жүүс, пудинг, хүнсний крем, зайрмаг, шоколад, үр тарианы гаралтай өглөөний бэлэн хоол, цэлцгэнүүр, жимсний цайнд агуулагддаг. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь маргарин, майонез, маслонд агуулагддаг Е304 нь давсганд чулуу үүсэхэд нөлөөлдөг.
-Таны ярианаас олон төрлийн өнгө, үнэртэй, янз бүрийн бодис агуулсан байх тусмаа нэмэлт бүтээгдэхүүн ихээр агуулсан байдаг гэж ойлголоо. Зөв үү?
-Бүтээгдэхүүний амт, үнэрийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй байгалийн болон синтетик гаралтай нэмэлтүүд (Е600-699) байдаг. Ер нь өнгө, үнэр оруулагч, биежүүлэгч бодис нь бүүр ч илүү хор уршигтай. Учир нь амт шимтгүй хүнсийг өөрчилж хуурамч гоё амт, үнэртэй, илүү сэтгэл татам болгож, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулдаг. Хамгийн түгээмэл хүнсний нэмэлт болох Е620, Е622, Е627, Е631 нэмэлтийг хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд толгой хүчтэй өвдөх, зүрх бэлбэгнэх, дотор муухайрах, цээжээр өвдөх, нойр хүрэх, бие сулрах, дотор муухайрах, гэдэс базлуулах шинж тэмдэг илэрнэ.
-Ер нь хүний биед хоргүй нэмэлт бодис гэж байдаг уу?
-“Е” гэж тэмдэглэсэн бүхэн хортой биш. Жишээ нь рибофлавин гэж нэрлэдэг Е101 нэмэлт нь эрүүл мэндэд хоргүй. E101 нэмэлтийг витамин В2 гэж ч нэрлэдэг. Витамин В2 (нэмэлт E101) нь хумс, үс, арьсны эрүүл мэнд, түүнчлэн бамбай булчирхайн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Рибофлавин нь эсрэг бие, улаан эсийн эсийг бүрдүүлэх, хүний нөхөн үржихүйн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. Бие дэх В2 витамин дутагдсанаас үүдэлтэй амны хөндийн салст бүрхэвч гэмтэх, шарх үүсэх, уруул дээр босоо ан цав үүсэх, омголтох, хэл хавагнах, улайх, хараа муудах, арьсны үрэвсэл, хоолны дуршил буурах, үс өвчлөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өдөрт хэрэглэх тунг биеийн жингийн нэг килограмм тутамд 0.5 мг-аас ихгүй байхад зохистой гэж үздэг. Хүнсний үйлдвэрлэлд шар өнгийн майонез, паста, чихэр, зайрмаг, түүнчлэн шөлийг өнгө оруулахад ашигладаг. Түүнчлэн рибофлавиныг гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн бодисыг будахад хэрэглэдэг. Хүний эрүүл мэндэд хоргүй Е100, Е101, Е150a, Е160, Е170, Е180, Е202, Е305, Е408, Е500, Е903, Е950, Е967, Е1422 гэсэн олон орц байгаа.
-Манай улсад нэмэлт бодисын талаарх мэдлэг муу байдаг нь бид эрүүл мэндээ өөрсдөө хордуулдаг шалтгаан болж байна. Тийм үү?
-Иргэдийн ихэнх нь хүнс болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийг төдийлэн сайн уншиж, тодорхойлж сонголтоо хийж чаддаггүй. Ихэнх нь хадгалах хугацаанаас илүүг хардаггүй. Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго дээрх “Е” тэмдэгтийн талаарх мэдлэг, мэдээлэл ард иргэдийн дунд ихээхэн хомс байна. Уг нь тухайн бүтээгдэхүүний хаяг, шошго дээр барааны нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, бүтээгдэхүүний стандартын дугаар, найрлага, цэвэр, бохир жин, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, тэжээллэг, илчлэг чанар, хадгалах горим нөхцөл, үүний дээр нөгөө хүнсний нэмэлт болох “Е” тэмдэгт бодис зэрэг олон мэдээллийг тусгасан байдаг. Гэтэл найрлагыг нь эс анзаарч, мэдлэггүйн улмаас зарим төрлийн хортой бүтээгдэхүүнийг худалдан авч, хэтрүүлэн хэрэглэсээр байна. Тиймээс энэ орцуудыг ялгаж, таньж, хүнсний зөв сонголт хийхэд туслах зорилгоор түрийвчиндээ хийгээд аваад явах боломжтой тоймчилсон картыг гаргасан. Мөн энэ талаар судалгааны ажлыг хийж, “Е” тэмдэгт орцууд, түүний нөлөөллийн тухай гарын авлага, ном товхимлыг хэрэглэгчдэд ойлгомжтой хялбаршуулан байдлаар хүргэхээр төлөвлөж байна. Эцэст нь “Е” тэмдэгт орцуудыг танин мэдэж, эрүүл, зөв хүнсний сонголт хийж хэвшицгээе гэж уриалж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.