-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуудын бахархал омогшлыг төрүүлэм нэлээд том хэмжээний төсөл удахгүй хэрэгжих гэж байна. Төслийн талаар тодруулна уу.
-Бидний хийхээр төлөвлөж байгаа төсөл бол монгол хүн бүртэй холбоотой. Учир нь монгол хүн бүрийн цусанд адуу моринд, хайртай сэтгэл байдаг болов уу. Бид адуутай холбоотой аялал жуучлалын том арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Би өөрөө Булган аймгийн тэр тусмаа Сайхан сумын хүүхэд АДУУ, АЙРАГ -нд маш их дуртай. Ер нь би нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ. Нутагтаа хэрхэн нэмэр болох уу гэсэн гэнэн мөрөөдөл тээж явдаг. Тийм ч учраас АДУУ, АЙРАГ хоёрт тулгуурласан томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн юм. Энэ зун долдугаар сард адууны бүрэн хэмжээний фестивал урд өмнө хийгдэж байгаагүй шинэ байдлаар хийхээр ажиллаж байна.
-Монголд анх удаа “Адууны фестиваль” болно гэдэг утгаараа сайхан санагдаж байна. Энэхүү арга хэмжээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Одоогоор хэдэн адуу оролцуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Ер нь бол Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж энэхүү үйл ажиллагааг аялал жуулчлалын зориулалтаар хийх юм. Ойролцоогоор 2000 орчим адуу энэхүү фестивальд оролцоно гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Долдугаар сарын 10-наас эхлэн наймдугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаанд төслийн камп ажиллана. Энэ хугацаанд гурван удаа фестиваль болно.
–Яг хаана зохиогдох вэ. Ер нь томоохон фестиваль болоход байршил маш чухал байдаг?
-Тэгэлгүй яах вэ. Бид газраа сонгосон байгаа. Адуу, айраг гэхээр мэдээж Булган аймгийн Сайхан сум санаанд шууд бууна. Тэр ч утгаараа Сайхан сум руу чиглэнэ. Гэхдээ дэд бүтцээ бараадах хэрэгтэй учраас шууд Сайхан суманд байх боломжгүй. Ингээд бид удаан судалсны эцэст Булган аймгийн дөрвөн сумын хил гэгддэг Өрмийн цагаан нуур, Түлүүгийн даваа, Уран тогоо уул зэрэг газруудын дунд байрлах ДОНДОГИЙН БУЛАГ хэмээх газар сонгосон байгаа. Үндсэндээ бол Сайхан сум руу ойр, Хөвсгөл явсан засмал зам дагуу, Уран тогоо уул түшиглэн газраа сонгосон.
–Гадаад, дотоодын жуулчид үзэж харах зүйлстэй сайхан газар сонгож. Энэ зун Хөвсгөл рүү явахаар төлөвлөж байгаа хүмүүс замдаа түүнээс илүүтэй сайхан зүйлийг харж хийморь юугаа сэргээх нь гэж бодож байна. Төслийг санаачлагч болон хамтрагч байгууллагын талаар танилцуулахгүй юу?
-Манай Булган аймаг аялал жуулчлалын хамгийн том урсгал дунд байрладаг. Үүнийг ашиглах хэрэгтэй. Дээр нь бидэнд омогшил болсон АДУУ, АЙРАГ хоёр маань байна. Мөн үзэсгэлэнт сайхан уул, ус маань байна шүү дээ. Бид Хөвсгөл рүү чиглэсэн урсгалыг ашиглаж энэ зун фестивалиа хийнэ. Харин төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллага бол “Сайхан Агтын Унага” ХХК гээд манай компани байгаа. Булган аймгийн Засаг дарга З.Батзориг энэхүү ажлыг бүрэн дэмжсэн. Хамтран зохион байгуулагчаар Булган аймаг ажиллана. Мөн “Байгаль орчин Аялал жуучлалын Яам”-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл дэмжихээ илэрхийлсэн. Энэхүү төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Булган хөгжил Энэбиш сан”, түүний тэргүүн, УИХ-ын гишүүн асан, Монгол улсаас Туркт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Мөнх-Очир юм. Цаашлаад Булган аймгийн Аялал, жуулчлалын холбоо, Залуучууудн холбоо, Оюутны холбоо гэх мэт олон нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн оролцоотойгоор энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ хэмээн итгэж байна.
–Олон байгууллага, хувь хүмүүс оролцож дэмжиж байж энэ фестиваль амжилттай болно шүү дээ. Хувь хүн гэснээс нутгийн иргэд малчид энэхүү төслийг хэрхэн хүлээн авч байна.
-Энэ төсөлд баримталж байгаа бас нэг бодлого бол нутгийн иргэд, малчдыг оролцуулах явдал юм. Жишээлбэл 5-10 адуутай, гүүтэй айл айраг, унах морь зэргийг хариуцан ажиллана. Мөн үнээ, тугалтай саальчин айл, цагаан идээгээ боловсруулна. Хоолыг мөн тэнд үйл ажиллагаа явуулдаг замын хоолны газрууд хариуцан ажиллана гэсэн үг. Гэр буудлууд мөн байна. Тэдгээрийг Булган аймгийн аялал жуучлалын бизнес эрхэлдэг байгууллагуудад хариуцуулан өгнө. Зураг авах мэргэжлийн баг, үзэсгэлэн, дэлгүүр гээд бүх төрлийн үйлчилгээ бүхий нэгдсэн цогцолборыг бий болгоно. Энэ төслөөс энгийн иргэд, малчин мөнгөтэй болох ёстой юм л даа.
-Та бүхний энэхүү арга хэмжээ нэг ёсондоо нутгийн брэндээ олонд алдаршуулаад зогсохгүй аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхээс гадна олон айл өрхийг зуны турш ажилтай орлоготой байлгах санаа гэж ойлголоо. Нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Танай компани санаачилсан гэсэн “Сайхан Агтын Унага” ХХК их содон нэртэй юм. Яагаад ийм нэр өгөв. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
–Тийм шүү. Энгийн иргэд ажилтай, орлоготой байх хэрэгтэй шүү дээ. Улс орны эдийн засаг хүнд байна. Нөгөөтэйгүүр, энэ төсөл хэрэгжсэнээр олон сайхан үр дүн Булган аймагт гарсан байх ёстой. Ирэх жил аймгийн маань 80 жилийн ой болно. Энэ жил амжилттай зохион байгуулбал ирэх жил илүү том зүйл хийж бүтээх боломжтой болох юм. Бид өөрсдөдөө байгаа боломжуудаа ашиглан мөнгө олох боломжтой гэдгийг энэ төсөл харуулна гэж найдаж байна. “Сайхан Агтын Унага” ХХК-ийн нэр хүмүүс их сонирхож асуудаг. Манай аав Булган аймгийн Сайхан сумынх, харин ээж маань Баян-Агт сумынх юм. Тэгээд л аав ээжийнхээ нутгийн нэрийг түшиглээд нэрлэсэн юм. Манай компани төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
-Булган аймаг давуу талаа ашиглаж маш сайхан төсөл хэрэгжүүлж нутгаа болоод Монголыг дэлхий дахинд алдаршуулах хамгийн зөв үйлийг хийж байгаад нь бахархаж байна. 2000 адууг нэг газар байлгаж, адгуулна гэдэг нүсэр ажил шүү дээ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?-Зохион байгуулалтын хувьд, нэг дор 2000 адууг ашиглахгүй. Сарын турш өдөр тутмын арга хэмжээнүүд явагдана. Өөрөөр хэлбэл, сарын турш морьдоо уналгаанд ашиглана. Харин гол фестиваль маань гурван удаа болно. Түүнд л 2000 адуугаа нэгэн зэрэг оролцуулах юм.
– Тэр өдөр нь их сонин байх болов уу. Фестиваль болох өдрүүд нь хэдний өдөр болох вэ?
–Одоогоор долдугаар сарын 15, 22, 29 гэсэн гурван өдрийг төлөвлөж байна. Бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Тухайн үед нь олон түмэнд мэдээлэл хүргэх байх.
–Энэ арга хэмжээнд оролцох, дэмжих зорилготой хувь хүн албан байгууллагууд байгаа байх. Эдгээр бүлэгт хандаж хэлбэл?
-Зохион байгуулалтад бизнесийн зорилгоор оролцох бол заавал Булган аймгийнх л байх ёстой. Харин ивээн тэтгэгч, зар сурталчилгаа, маркетингаар хамтран ажиллах бол Булганых байх албагүй юм. Сонирхсон хүн бүр 8011-8980 утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой.
– Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Г. Содцэцэг
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.