Энэ оны сонгуулийн тоо ийнхүү гүйцлээ. Сүүлийн нэг сарын турш үргэлжилсэн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, МАН-ын нийслэлд дэвшүүлсэн хөтөлбөр иргэдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.
Энэ удаад “ах” намаас өгсөн амлалтаас иргэдэд таалагдсан гол санаа нь “Түгжрэлгүй хот” гэсэн тусдаа бүлэг байсан нь цахим дахь иргэдийн сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. Энэхүү бүлэг нь хоёр багц шийдлийг иргэдэд санал болгосон. Ингэхдээ олон төрөлт, орчин үеийн ухаалаг тээврийн сүлжээг бий болгох гэнэ. Жишээ нь автобусны парк шинэчлэлт, BRT систем зэрэг багтаамж ихтэй зорчигч тээврийн төрлийг нэвтрүүлэх, агаарын дүүжин замын төсөл, Таван шараас Офицеруудын ордон хүртэлх соронзон тээврийг эхлүүлэх, шинэ хотуудыг холбосон нийтийн тээвэр, дамжин суух нэгдсэн терминал, зогсоолууд барих гэх мэтчилэн. Харин удаах санаа нь хотын авто замын мастер төлөвлөгөө батлах, одоогийн хатуу хучилттай замаа сайжруулж өргөтгөх, давхар зогсоолын тоог нэмэх, замын дээгүүрх гүүрэн гарцыг нэмэх, авто терминалын үйлчилгээг нэвтрүүлэх гэх мэт 25 шийдлийг санал болгосон. Эрх баригчид гэдэг утгаараа үндэслэлтэй, баялаг амлалтууд байгаа ч, биелэгдэх тодорхой хугацаа, хамрах хүрээг заагаагүй байгааг хэрсүү уншигчид анзаарна биз ээ. Үүнээс гадна нийслэлд сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж буй “ring road” буюу “тойрог зам”-ын асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө мөн тусгаснаараа бусад намуудаас ялгарч байсан юм.
Харин энэ бүхнийг ирэх дөрвөн жил “толгойд” нь сууж хэн даргалж гүйцэтгэх вэ гэсэн асуулт зүй ёсоор хөндөгдөж байна. Гэхдээ дарга олонтой тус намд дахиад л боссын суудлын их сунгаа далд өрнөж буйг энд тодотгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, НИТХ-д гурвантаа сонгогдсон, өдгөө МАН-ын ЕНБД-аар ажиллаж буй Д.Амарбаясгалангийн хүн үү, одоогийн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хүн үү?
Уг нь зарчмын тухайд, сонгуулийн штабыг удирдан ялалтыг уухайлсан Д.Сумъяабазарт энэхүү сонголтын эрх мэдэл 100 хувь байх ёстой. Тэгээд ч өнгөрөгч дөрвөн жил хотыг удирдсан Су.Батболд нь МАН-ын дарга асан М.Энхболдынх, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийнх, Ж.Батбаясгалан нь түр зуурынх нь гэгдэж байсан бол энэ удаад Хотын намын хорооны дарга л хотын мэрийг томилох магадлал өндөр байж таарна.