У.Хүрэлсүхийн танхимд хэнбугай нь алба хаших талаарх прогноз

2020-07-2 Нийтлэл

 

Энэ өдөр У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдаар дараалан сонгогдсон хоёр дахь хүн болж байна. Өмнө нь С.Баяр 2007-2008, 2008-2009 онуудад улиран ажиллаж байлаа. Ц.Элбэгдорж бол дараалж улираагүй ч хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж, тэр тоолондоо хугацаанаасаа өмнө огцорч байлаа. Харин С.Баяр бол өөрийн хүсэлтээр огцорч байсан түүхтэй.

Ийнхүү У.Хүрэлсүх засгийн эрхээ авч, ирэх жилүүдэд хамтран ажиллах танхимаа бүрдүүлэх их ажилд ханцуй шамлан орлоо. Одоогийн байдлаар Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөн ихтэй, шинэ танхимд багтах гэсэн горилогчдын цуваа жинхэнэ утгаараа хөвөрч буй юм байх. Ёстой л сонгуульд ялах нэг хэцүү, ялсан хойноо албан тушаал хуваарилах бүр хэцүү зовлонг МАН амсаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил ч ийм л байсан. Ирэх дөрвөн онд ч үүнээс тойрч гарахгүйн бодит үнэнг өнөөдрийн үйл явцаас харж болно.

Уг нь эрх баригчид бодлогоо үргэлжлүүлж, залгамж халаагаа алдахгүй явах чин хүсэл эрмэлзэлтэй. Иймдээ ч төрийн албанд халаа сэлгээ хийхгүй хэмээж буй ч бүх шатанд дарга, даамалгүй солигдохоор нөхцөл байдал үүсчээ. Хуулийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй буюу сайд хийж болох бөгөөд бусад нь давхар дээлгүй буюу гаднаас томилогдох учиртай. Тэгвэл “шинэ” Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа хэрхэн бүрдүүлэх вэ.

Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээллээр хоёр Шадар сайдтай байхаар төлөвлөж байгаа гэх. Тэгэхээр энэхүү хүндэт суудалд Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, С.Амарсайхан нарын нэр дуулдаж байна. Эдгээр эрхмээс шинэ танхимд зүй ёсоор багтах нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва аж. Тэрбээр өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, эр хүн шиг гоншигнохгүй өнгөрөгч сунгаанд намын нөхөдтэйгөө дөрөө харшин сонгуулийн ажилд мөн ч их зүтгэсэн дээ. Тиймдээ ч намын дарга нь түүнтэй ирэх жилүүдэд хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлсэн юм байх.

Харин давхар дээлтэй гишүүдийн тухайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараа улирааж, холын замд хамтдаа дөрөө харшуулахаар шийдсэн байна. Тэгвэл Сангийн сайдад Б.Чойжилсүрэн зүтгэж байгаа аж. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал, шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яаманд Б.Баттөмөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нар зүтгэж буй гэсэн. Мөн Эрчим хүчний сайдаар Эрдэнэс Монголын захирал П.Ганхүү, Эрүүл мэндийн сайдад Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нарын нэр түлхүү яригдаж буй юм. Түүнчлэн Гадаад харилцааны сайдаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, дэд сайд Б.Батцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар дуулдаж байна. Харин Барилга, хот байгуулалтын яам- дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны яам-Шадар сайд Ө.Энхтүвшин, МУИС-ийн захирал Ш.Төмөрбаатар мөн Зам, тээврийн хөгжлийн сайдад Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар дотооддоо өрсөлдөж буй гэнэ.

Юутай ч Хүнд үед нь орхидоггүй, Хүчээ авсан үед нь атаархадаггүй тийм л анд нөхөр У.Хүрэлсүхэд хэрэгтэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.