Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг эхлүүлэхээр иргэд оршин суугчидтай уулзаж байсан. Тэгвэл өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 126 айлын 2 орцтой 10 давхар бүхий орон сууцуудыг шинэчлэн барих бөгөөд эхний ээлжинд 75 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Орон сууцны корпорацид үүрэг болгосны дагуу ийнхүү Налайх дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгын ажлыг эхлүүлж байна.
Дахин төлөвлөлтийг “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт 6145,84 м.квадрат талбайд төслийг хэрэгжүүлэх аж.
Цаашид улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцлон хэлж байв. Тэрбээр “Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахүй 344 орон сууц бий. Үүнээс 88 орон сууцыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Алслагдсан дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байна.Цаашид иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчилэх, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж ажиллах болно” хэмээсэн юм.
Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Би 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзсэн. Асуудлаа хэлдэг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна. Энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр шав тавьж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.