Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

2020-06-20 Мэдээ, мэдээлэл

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, Н.Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан, аж ахуйн нэгжид онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял шийтгэж, өршөөн хэлтрүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор холбогдох гурван үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас лавлагаа ирүүлснийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.