Монгол төрийн босго ЯАГААД ингэтлээ намсчихаа вэ?

2020-06-4 Нийтлэл

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж эртний монгол хэлц энэ цагт ул болжээ. Тун удахгүй төр түшилцэх 76 эрхмийг сонгох их сунгаа болно. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд Монгол төрийн үнэлэмж элий балай гэмээр ч нэгний санаанд багтах болж. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй орилж чарлаж явдаг, согтуугаараа лайв хийж агсам тавьдаг, шорон оронгоор дамнаж явсан нөхдүүд, хэдэн хуруу хавтаст хэрэг өвөртөлсөн цагаан захтнууд цаашлаад эр эм нь мэдэгдэхгүй энэ тэр нэгэн нь хүртэл тэрний, энэний тойрогт нэр дэвшиж, түүнтэй үүнтэй өрсөлдөх болжээ. Яагаад монгол төрийн босго ингэтлээ намсав…

Тэгвэл сэтгэцтэй юмтай юм болов уу гэмээр хүнэнцэрүүд өөрийн биеэ тоож, төрд санаархах болсны завхралыг хэнээс, хаанаас эрвэл зохилтой вэ?

Өнгөрсөнд монгол төрийг удирдаж ирсэн эрх баригч намуудаас уу. Эсвэл ардчилал гэж дунд чөмгөөрөө жиргэдэг болсон тэр үеэс үү. Бүр цаашлаад “босго” нь намхан хуулийн цоорхойгоос уу. Ямартай ч төр түшилцэх нь байтугай төрсөн биеэ удирдаж чадахгүй “хогон” нэр дэвшигчдийн нялуун мэдээлэлд бялуурч суух нь ой гутам санагдана. Энэ удаад нэр дэвшиж буй зарим нэгэн горилогчдийг хараад Монголын төр цэвэр ариун болж, Монгол Улс мандан бадрана гэдэг нь лөөлөө болж дээ гэж бодогдном. Энэхүү дүр зурганд нь ч сонгогчид хэдийнэ дасал болж. Өнөө хэдийн хичээж авахуулсан зураг, бичлэгийг хошигнол болгон цахимаар нэг хошин шог. Ихэнхдээ тэдний өмссөн зүүсэн, уран сайхны тавилттай зургийг хуваалцаж баахан инээлдэх аж. Гэхдээ шоглох яах вэ. Хүссэн эс хүссэн ч бид нэгнийх нь нэрийг дугуйлж таарна. Харин хэнийг вэ гэдэг чухал. Энэ удаагийн сонголтдоо ул суурьтай чамбай хандахгүй бол дахиад л төрд гомдсон, цөхөрсөн он жилүүдийг туулна. Атал үүнийг л сонгоё гээд итгэл дүүрэн дугуйлчих хүн 606 дотор цөөн. Гэхдээ л эцсийн эцэст төрийн эрхийг хэнээр бариулахыг Сонгогч таны мэргэн ухаан, хурц мэлмий шийдэх болно. Хясаанд нуугдсан зөв хүнийг бултаараа ажигла, тунгаа, шийд, сонго. Өөр хэлээд байх зүйл байхгүй ээ, таны, миний амьдрал монгол төрийн намссан босгонд дөнгөтэй л яваа шүү…

 

 

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.