Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

2020-05-6 Нийслэл

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн хамааралтай юм. Тэртээ 1925 оны 5 дугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар Хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж 1 дүгээр бүлгийг В.И.Лениний, 2 дугаар бүлгийг К.Марксын нэрээр нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” анх үүсэн байгуулагдсан юм.

Пионерын анхны тангаргаа өргөж байсан тэдгээр анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч болохоо харуулж эх орныхоо Хүндэт иргэд болсон түүхтэй.

Пионерын байгууллага анх байгуулагдсанаасаа эхлэн өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж сургуулийн зүг татах ажлыг гол зорилгоо болгож байв. Пионерын бүлгүүд долоо хоног тутамд гэгээрлийн хурал хийх, ном сонин унших, нам засгийн бодлогыг ухуулан таниулах, биеийн тамир, жагсаал ёслол, хөл гарын сургууль хийж, “Улаан туг”, “Шивээ хиагт”, “Интернациональ”, “Пионерын дуу” дуулж жагсдаг байжээ. Энэ нь нийт хөдөлмөрчид, хүүхэд багачуудыг сургууль пионерын зүг татах нэг арга байсан байна.

Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эхлээд хөдөлгөөн, бүлэг байдлаар байсан бол хүүхдийн байгууллага болтлоо өргөжин тэлсэн түүхтэй.

Нийслэлийн хүүхдийн байгууллага нь 1953 оны Хотын ХЗЭ-ийн хорооны 2 дугаар бүгд хурлын шийдвэр Улаанбаатар хотын пионерийн зөвлөл, Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 255 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө төв, Нийслэлийн Засаг даргын 1997.03.16-ны өдрийн захирамжаар Нийслэлийн хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газар, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 18 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын 2004 оны захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 64 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын А/241 тоот захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө хүүхдийн байгууллага нь хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.