А.Цэрэнбат: Дарханы замд 20 гаруй хүн амиа алдсан

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

Өнгөрсөн оны зургадугаар сард анх Дарханы замыг хааснаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн ч замын ажил хойшилсоор байгаа бөгөөд хүмүүс хохирсоор байгаа юм. Дарханы замаас болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн төлөөлөл болох иргэн А.Цэрэнбат ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Иргэн А.Цэрэнбат “Өнгөрсөн хоёрдугаар сард анх ЗТХЯ-ны гадна талд мэдээлэл хийсэн. Тэр үед ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Дарханы замаас болж хохироод байгааг хэн нотлох вэ” гэж асууж байсан. Тэгвэл өнгөрсөн хоёр сард нэлээд нотлох баримт цуглуулсан. Энэ хугацаанд 300 иргэн 200 сая төгрөгөөр хохироод байна. Тэдгээр 300 иргэнээс 4 сая төгрөгийн хохирол бүхий нэг хүн өчигдөр СБД-ийн Иргэний хэргийн шүүхэд анхны маргаанаа үүсгэлээ. Хариуцагчаар ЗТХЯамыг татаж байгаа. Хамгийн харамсалтай энэхүү эвдрэлтэй замын балгаар 20 гаруй алтан амь үгүй боллоо” гэв.

Одоогоор Дарханы замд хохирсон иргэдийг төлөөлж гурван өмгөөлөгч ажиллаж байгаа аж. Мөн тэрбээр “Мэргэжлийн бус хүн салбар толгойлоход хэдэн хүний амь нас эрсдэлд ордгийг энэ бүх болж өнгөрсөн үйл явдал харуулж байна. Тиймээс АХБ-аас олгосон санхүүжилтийг яагаад компаниудад өгөхгүй, ажил нь явахгүй, ашиглалтад орно гэсэн хугацаанаасаа хоёр удаа хойшлоод буйг шалгуулахаар АТГ-т мөн хандана. Замаа хурдан барьж өгөхийг л бид хүсэж байгаа” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.