ШӨХТГ: Шалгалтын дүнг ирэх долоо хоногт мэдээлнэ

2020-04-20 Мэдээ, мэдээлэл

 

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газартай хамтран шалгалт хийж эхэлжээ.

Учир нь иргэдийн зүгээс шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг, чанаргүй байна гэх гомдол мэдээллийг байнга ирүүлж байгаа аж. Энэхүү гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг шатахуунаас авсан дээжид лабораторийн дүн эцэслэн гарсны дараа буюу ирэх долоо хоногт мэдээлэх юм байна. Одоогоор зөрчил гаргасан шатахуун түгээх станцыг тодотгож хэлэх боломжгүй гэв.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийх хоёр ажлын хэсэг гаргалаа. Өнөөдрийн шалгалт коронавирусийн халдварын тархалттай байгаа үед явагдаж байгаагаараа онцлогтой. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалт хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгалтын явцад бидэнтэй хамт явах нь нээлттэй. Шалгалтын үр дүнг газар дээр нь гаргах боломжгүй. Иймээс шатахууны дээжийг нь авч мэргэжлийн лабораторийн газраар дүн шинжилгээ хийлгүүлнэ. Нийслэл дэх бүх шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийх боломжгүй учир түүврийн аргаар хийнэ. Иймээс шатахуун түгээх станцууд бидний шалгалтын ажилд саад учруулахгүй шатахууны чанар, шахалтын байдлыг ил тод мэдээлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хяналт шалгалтын ажиллагаа өнөөдрөөс шууд эхэлж, лабораторын шинжилгээний дүн гарсаны дараа албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна” гэлээ. Мөн бензин, шатахууны үнэ буусантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний газрууд бензин, шатахуунаас үүдэлтэй зардлаа бууруулж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уриалав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.