УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ: “МОНОС” ҮЙЛДВЭР “САНИТОС” ГАР АРИУТГАГЧИЙГ ТЕХНИКИЙН СПИРТЭЭР ХИЙСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

2020-04-14 Мэдээ, мэдээлэл

УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хэд хэдэн зөрчил илэрсэн талаар онцолсон.

Тэрбээр “Нэгдүгээрт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв.

Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 аж, ахуйн нэгж хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан нь тогтоогдсон. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.