Яармагт шинээр баригдаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв  удахгүй ашиглалтад орно

2020-04-6 Нийслэл

Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг удахгүй ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа талаар дурдлаа. Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод халдвараар өвчлөгчдийн тоо хоёр дахин  нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа учраас иргэдийг амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ “Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Испани улсын Мадрид хотод 37 мянга гаруй иргэн өвчилж хөл хориогоо сунгасан бол БНСУ-ын Сөүл хотод халдвараар өвчлөгсөд эдгэрсэн ч дахин өвчилж байгаа мэдээлэлтэй байгаа аж. Харин ОХУ-д өвчлөлийн тархалт буурсан ч нас барсан иргэдийн тоо өндөр үзүүлэлтэй гарчээ. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагаж, иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангах нь нэн чухал байгааг дурдлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан Covid-19 халдвараас үүдэж, иргэн аж ахуй нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж  иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа.

Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн Засаг дарга нар хариуцна

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд  илүү цагаар үр дүнтэй  ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчидад 855,9 сая төгрөгийн урамшуулалыг нийслэлээс олгосоныг Хотын дарга мэдээлэлдээ дурьдлаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа өнгөрөгч 04 сарын 01-ний өдрөөр дууссантай холбоотойгоор цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний  борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийт 135 мянган угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд дараагийн ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг ирэх долоо хоногт хүлээн авч айл өрхүүдэд тарааж дуусах юм. Түүнчлэн ирэх тавдугаар сараас эхлэн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд эрчимтэй хийгдэж байна

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 132 мянган аж ахуйн нэгж байгууллагад болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Ирэх тавдугаар сарын 01-ны дотор гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлонг ариутгаж халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид жил бүр халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхаар болжээ.

Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай мэдээллийг хотын Захирагч С.Амарсайхан  олон нийтэд хандан хүргэлээ. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг дуулгалаа.

Мөн тэрбээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол илэрсэн учраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.