М.Батмагнай: Жилд дунджаар давхардсан тоогоор 80 мянга орчим хүнд ХАБЭА-н сургалт хийдэг

2020-03-25 Мэдээ, мэдээлэл

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Сургалт судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнайгаас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зарим шийдвэр шинэчлэгдсэн талаар тодруулга авлаа.

-Танай салбараас жил бүр уламжлалт уралдаан зарлаад хэвшжээ. Энэ жилийн уралдааны онцлог юу вэ?

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдааныг уламжлал болгон явуулаад энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  Энэ уралдааны зорилго нь  үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг чиглэсэн. Мөн ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл  соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх гээд олон давуу талтай.

Мөн энэ нь уламжлал болсноос гадна тухайн байгууллагууд бие биенийхээ шинэ санаа, сайн туршлагаас суралцаж байгаа нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн зүгээс уралдаанд оролцож шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг бусдад түгээх, сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж үйл ажиллагааг дэмжин урамшуулдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын тушаалаар шинэчлэгдсэн журам батлагдсан. Үүний дагуу тус уралдааныг тухайн оны төгсгөлд шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болж байна. Уул уурхайн олборлолтын салбар, барилгын салбар, Эрчим хүчний салбар, Зам тээврийн салбар, Төрийн болон үйлчилгээний салбар гэх мэтээр салбар салбараас шилдгүүдийг шалгаруулдаг.

-ХАБЭА-н сургалтын журам шинэчлэгдсэн, энэ шинэ журмын талаар ААНБ болон иргэдэд тайлбар хийгээч.

2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ХНХС-ын А/370 дугаар тушаалаар “ХАБЭА-н сургалт явуулах, шалгалт авах журам” шинэчлэгдэн батлагдсан. Өмнө нь ХАБЭА-н сургалтын бие даасан есөн төрөл байсан. Харин одоо бие даасан долоон төрлөөр сургалт явуулахаар шинэчлэгдсэн. Харахад тооны хувьд цөөрсөн мэт боловч ажлын байр, салбарын онцлог зэргийг харгалзан нилээд нарийвчилж өгсөн байгаа. Дэд төрлүүдийг нь нийлүүлээд харах юм бол нийт 24 төрлийн сургалтын төрлөөс ХАБЭА-н сургалтын байгууллагууд сонголт хийж сургалт явуулна гэсэн үг. Энэхүү журмаар  ХАБЭА-н сургагч багшийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байгаа.

-Сургалт зохион байгуулах эрх хэрхэн авдаг талаар?

Нэг зүйлийг тайлбарлаж хэлмээр байна. ХАБЭМТ нь ХАБЭА-н сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ олгодог. Тэгэхээр сургалтын эрх биш гэрчилгээ гэж ярих нь зөв.  Журамд заасан төрлүүдээсээ өөрийн байгууллагын чадамж, онцлогт нийцүүлэн сонголт хийн хүсэлтээ ХАБЭМТ-д ирүүлнэ. Ингэхдээ журамд заасан материалуудыг бүрдүүлэх бөгөөд бид хүсэлт дэх төрөлд ирүүлсэн материалууд нь хэр нийцэж байгаад эхний үзлэг шалгалтыг хийдэг. Ирүүлсэн материал шаардлага хангаж байна гэж үзвэл тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах бодит үзлэгийг зохион байгуулдаг бөгөөд үзлэг хийх  ажлын хэсэг, болон график гарган мөрдөн ажилладаг.  Шинэ журмын дагуу ХАБЭА-н сургалтын төрлөөс хамааран гэрчилгээ олгох хугацаа харилцан адилгүй. Жишээ нь ажил олгогч эздийн, нийт ажилтны, тусгай хөтөлбөрөөр сургалт явуулах гэж байгаа бол гэрчилгээ олгох хугацаа ажлын 14 хоног байхад бусад төрлөөр гэрчилгээ авах тохиолдолд ХАБЭА-н Үндэсний хорооны  хурлаар шийдвэрлэгдэх тул хүлээх талтай.

-ХАБЭА-н сургалтын байгууллага төгссөн хүмүүсийг хэрхэн баталгаажуулдаг вэ?

2016 онд ХАБЭА-н сургалт, сургалтын байгууллагуудтай холбооттой асуудал манай байгууллагын чиг үүрэгт шинээр нэмэгдэж орж ирсэн. Энэ үеэс сургалтын байгууллага, сургалтын чанар хүртээмж, төгсөгчид, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон олон асуудалд анхаарах шаардлагатай болсон. Энэ хүрээнд бид ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан иргэдэд олгож байгаа сертификатад баталгаажилт хийж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, аль нэгэн байгууллагад ХАБЭА-н ажилтнаар ажиллах иргэдийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тухай нотлох баримтыг нэг загварт оруулан олгодог болсон.

Энэ нь тухайн ажлын байранд ажиллах иргэдийн мэдээллийн санг бүрдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 2016 оны 09-р сараас хойш ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 10.000 орчим иргэний мэдээлэл манайд байна. Харин бусад төрлөөр сургалт явуулах тохиолдолд төгсөгчдөд олгох сертификатыг сургалтын төв өөрсдөө загвар дизайныг нь батлан олгоно. Улирал бүрийн төгсгөлд сургалтын төрөл бүрээр тайлан гаргаж ирүүлэх үүрэгтэй. Дашрамд хэлэхэд, өнөөдрийн байдлаар монгол улсад нийт 124 сургалтын байгууллага ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 80 хувь нь Улаанбаатар хотод 20 хувь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг.  Жилд дунджаар давхардсан тоогоор 80.000 орчим хүнд ХАБЭА-н сургалт зохион байгуулж байгаа нь нийт ажиллагсдын тоотой харьцуулахад маш бага үзүүлэлт бөгөөд ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа, чанар, хүртээмжийг сайжруулах, зарим нэг салбарт илүү анхаарах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.