Үүрийн таван жингээр дулаан хөнжлөөсөө сугарч, дутуу нойроо үргээж ядан чийг даасан хүйтэн агуулахт ирнэ. Далайгаас дөнгөж шүүрдсэн сая сая загасыг энд том жижгээр нь ялган савлаад хайрцаглан тэргэнд ачиж зах дээр авчирч зарна. Захын чулуун шал тэр чигээрээ ус, барааны газраас л далайн амьтны өмхий, эхүүн үнэр хамар сэтлэх шахаж, хаалгаар нь оронгуут гэрэл гэгээ муутай, тохь тухгүй орчин угтана. Харин энэ зах дээр тэд өглөөнөөс орой хүртэл ажиллан, шинэхэн цурхай загасаа үнэр орж муудахаас нь өмнө өдөрт нь зарах ёстой.
Энэ ажлыг та хийж байна гээд төсөөлөөд үз дээ, бүр өдөр асгасалгүй шүү. Би бол доороос чийг дааж, дотроос бухимдал буцалж, хажуугаас хайрс хатгаж, харанхуй нүхэнд насыг барна гэж зүгээр л бодонгуут агуулахын хүйтэн шалан дээр ар гэдэргээрээ савж унамаар болж байна.
Тэгвэл энэ амьдын там, аль насны үйлийн үр юм бол гэж хараамаар ажлыг асар сонирхолтой, тэмүүлэлтэй болгож, баяр хөөрөөр бялхаж хийдэг хүмүүс байна цаана чинь.
Сийтл хотын захын бяцхан боомтын эрэг дээрх цурхай загасны төрөлжсөн зах руу оронгуут хар усны гутал, цагаан резинэн бээлийгээр ижилссэн залуус инээд алдацгааж, зарж байгаа загасаа агаараар “нисгэн” жонглёрдож, эсвэл өөрсдөө илбэт цурхай болчихсон элдэвлэж, инээдмийн жүжиг найруулж, элдэв түүх хүүрнэн хүмүүсийг хөгжөөдөг аж. Загас авахаар ирсэн үйлчлүүлэгч үнэгүй шоу үзэн инээж баясаад зогсохгүй өөрсдөө жүжгийн гол дүрд тоглож, хувинтай уснаас нүцгэн гараараа загас барьж авах тулаанд хүчээ сорьж, хүмүүсийн анхаарал татаж хөгжиж баясаад авна.
Ажлаа голж уурлаж уцаарлан, урвайж унжийхын оронд “Таван цурхай Франциско руу нислээ” хэмээн уухайлцгааж, загасаар агаарын теннис тоглох тэдгээр залуусын амьд үзүүлбэрийг үзсэн хүн хоосон гарна гэж үгүй. Зүгээр л толгой дээгүүр нь том жижиг загас “нисэх” -ийг харах гэж ирдэг ч хүмүүс байх. Засагны захын үнэр танар, хүйтэн нойтонг бүр ор тас мартчихаад дахин ирэхийг тэмүүлнэ.
Энд орчноо мэдэрдэггүй эргүү хүмүүс ажилладаг уу гэвэл үгүй. Бүгд л анх бидэн шиг хийж байгаадаа үе үе дургүй нь хүрч, уурлаж бухимдан цалин хөлс, нөхцлөө голж гонгинодог байж. Хувцсанд нь нэвт шингэх загасны үнэрээс залхахдаа, үргэлж өөлж шилж голдог өөнтөгч үйлчлүүлэгчээс халшрахдаа тэд өглөөд дуртай дургүй сажлан ирж, өмнөх ажлаа арайхийн далдруулаад, ядарч сульдахын туйлд хүрсэн амьтад яаж маргааш ирнэ дээ гэхээс яс нь хавталзаж үс нь өрвийсөөр харьдаг байж. Бүх юманд сэтгэл дундуур тэдэнд өдөр хоног өнгөрч өгөхгүй байгаа мэт, өглөөний наран өөр дээр нь тусахгүй байгаа юм шиг, амьдралд нь өөр сонголт үгүй юм шиг, амралтын өдөр мөдгүй мэт аймаар санагддаг байж.
Харин Лонни гэгч залуу тэрхүү загасны захыг худалдан авснаасаа хойш нэг ч ажилчинг солиогүй хэрнээ байдлыг орвонгоор нь өөрчилж, бусад зах шиг нийтлэг, уйтгартай дүр зургийг үлдэн хөөжээ. Тэр хүмүүст ажлаа солих сонголт байдаг ч хаана ч очсон бэрхшээл учирна, тэр бэрхшээлийг даван туулахад хүн өөрөө л ямар нэг арга сэдэх хэрэгтэй, эс тэгвээс амьдрал асуудлаар дүүрэн гэдгийг ойлгуулжээ. Түүнийхээр өөрийгөө хөгжөөж, өөртөө сэтгэлийн ачаалал үүсгэхгүй, ямар ч ажлыг зугаатай болгож хийвэл муухай ажил гэж үгүй аж. Хандлагаа зөв тодорхойлж, ялагдлаа ялалт болгож, сул талаа давуу тал мэтээр ашигласан нь энэ захыг хотдоо төдийгүй муждаа алдартай болгожээ. Бусад захуудын унжгар сул дорой байдал, ууртай уцаартай үйлчилгээ тэдэнд “олз” болдог аж.
Хэрэв залуухан хатагтай хүүгээ дагуулаад ирвэл “За загасчин залуу минь ямар загас баримаар байна даа” гээд л угтана. Настай хүмүүс орж ирвэл энэ загасаар ямар шөл хийж болох, ямар өвчинд сайн, яаж хэрэглэх талаар өөрсдөө “загасны” хоолойгоор ярьж зөвлөнө. Ингэхдээ том цурхайн амыг ярианы хэмнэлдээ тааруулж ангалзуулахаа мартахгүй. Ихэмсэг эрхэм эхнэрийн хамт ирвэл хоёуланг нь загас шидэх тоглоомдоо татан оролцуулж, өөрсдийн гараар барьсан загасаа сонгож авах боломж олгоно. Тэдэнд мартагдашгүй өдрийг үлдээх гэж тэд тэнхээ мэдэн ажилладаг, тэгснээрээ өөрдөө ч сэтгэл хангалуун үлддэг.
Ингэж л хүнд, бохир ажлыг тэд хөнгөн болгож, хөөр хөгжөөнтэй хийж байгаа учир ядарч сульдахыг үл анзаарна. Хүмүүс ч боловсрол нимгэн лангууны худалдагчтай харьцаж байгаа мэт хандлага үл гаргана. Ашиг орлого ч ихсэхийн хэрээр цалин нэмэгдэж удахгүй орчноо улам сайжруулахаар тэмүүлж байна.
Гэтэл би яаж байна? Паартай байшинд үд хүртэл дугжирчихаад, паалантай жорлонд баахан дүлчихээд нэг их улс орны хувь заяаг шийдэж, төрийн эргэлт хийх гэж байгаа хүн шиг сүр бадруулаад гарч одно. Хаалга зүглэх замд таарсан болгоныг хага өшиглөж, хажуу сүвэргээр хүн өнгөрч харагдвал хальт хялалзаастай.
Тэгээд л явган явна гэж үгүй, сүрийг үзүүлж хүчийг бадруулж байж унаа машин, автобус такси хөлөглөнө. Дулаан цэвэрхэн орчинд, хоолтой ундтай ажиллаж байж үе үе уурлана, нервтэнэ. Бичиг цаасхантай зууралдаж биеэ огт зовоодоггүй мөртлөө үргэлж ядарсан зүдэрснээ гайхаж, ялархаж бухимдаастай. Нэг л их хийж байгаадаа сэтгэл дундуурхаж, хийрхэж сүржигнэсэн хүн. Цаг зав алга, цалин мөнгө бага энэ тэр гэж байнга гонгиноостой.
Орой орж ирэхдээ бүр аймаар ууртай ааштай, уцаартай үглээстэй. Холхон шиг л байхгүй бол хоолой хэрчиж үс халзалж мэдэхээр. Аяга хоол хийх гэж арай л буулгаад тавьчихгүй, арслангийн архиралтаар хүрхэрч араатны араншин үзүүлнэ. Ойр зуур орон гэрээ эмхлэх төдийхөнд орчлонг хорвоо орвонгоороо эргэтэл, оймс бандааш орцонд хийстэл оволзоно. Өдрийн ачаалал их байсныг, өмнөх ажил утгагүй байгааг өөчилж гоочлох муу үг олж ядна.
Хийж байгаа ажилдаа ийм сэтгэл дундуур байхаар ажлын бүтээмж, амжилт энэ тэр яриад ч хэрэггүй. Ажлаа их байна, хэцүү байна, онцгүй байна, ирээдүйгүй байна гэж голж хийхээр хүн өөрөө ч дарамтанд орж, улам л сонирхолгүй болдог юм шиг.
Ер нь хийж л чадвал муухай ажил гэж үгүй. Гэхдээ зүгээр нэг хийхдээ биш яавал толгойгоо өвтгөхгүй өөртөө амар хялбар хэрнээ сонирхолтой хөгжилтэй болгох вэ, яавал бусдад ойлгуулж үнэлүүлэн хүнд ашиг тусыг нь хүртээх вэ гэж үргэлж эрэлхийлж явууштай. Эхлээд хийж байгаадаа дуртай болчихоод дараа нь алдар гавьяа хүртэж, Алтангадас авах тухай бодмоор. Өөрөө эхэлж сэтгэл хангалуун байж өрөөлд ач тус өгч, өсч дэвжихээ мөрөөдмөөр. Эвтэйхэн донжыг нь тааруулж чадвал эргэн тойрныхондоо ч нөлөөлж болохоор.
Ердөө л энүүхнийг хүмүүсийн толгойд хийх гэж, ажилдаа дур сонирхолтой байж хийсэн шиг хийгээсэй гэж, ажил сольж болох ч асуудлаас зугатаж чадахгүйг мэдрүүлэх гэж, амьдрал гэдэг чинь цурхай загасны зах юм гэдгийг ойлгуулах гэж АНУ-ын бизнесийн ухааны доктор Степен Люнден, “Кен Бленчард” компанийн дэд ерөнхийлөгч Гарри Пол, шилдэг кино найруулагч Жон Кристенсон нарын бичсэн “Загас” хэмээх номыг орчуулан хэвлүүлжээ.
Эрхэм дүүгийн Оогийгийн эх хэлнээ буулгасан энэ ном надад чухам л цагаа олсон бэлэг байлаа. Одоо би хийж байгаадаа дургүй хүрэх болгонд цурхай загасны төрөлжсөн захыг санах болно. Даргадаа загнуулах, ажлаа амжуулж чадахгүй үе ирвэл загасны философийг бодох болно. Ажил маань хэцүү санагдаж, амьдрал утгагүй мэт бодогдох үе ирвэл агаарт “нисч” яваа загаснуудыг санаж, үзэг үүргэвч хоёроо дээшээ шиднэ, барьж авна. кккк
Бид бүгд л ажил хийж амьдралаа залгуулдаг. Гэхдээ үүнийг өөрийгөө болон өрөөлийг тэжээхийн тулд биш өөрөө сэтгэлээрээ баясах гэж, хөгжиж дэвших гэж, өөрийгөө нээж, сорих гэж хийдгийг бодоорой. Хүзүү чинь хөшөөд, хуян чинь хөөрөөд, хөмсөг чинь атираад, хөл чинь урагшилж өгөхгүй бол жижигхэн боомтын эрэг дэх хүйтэн агуулахыг санаарай, жирийн хэрнээ ерийн бус нойтон захыг дурсаарай.
Өмнөх ажлаа зүгээр л өөрөөр хийх гээд оролдоорой. Өргөж дийлэхгүй юмаа өндөрт шидэх гээд үзээрэй. Үзэн яддаг хүнээ өршөөж ойлгох гээд хичээгээрэй, өнөөдөр чи ядарлаа ч өөдрөг бодолдоо сэргэнээ. Өглөө ажилдаа яарч ирээрэй, орой гэртээ яарч хариарай. Өнгөт орчлонгийн гэрэл гэгээ өмнө чинь л дэлгээстэй байна, өөр түүнийг чи хаанаас ч эрээд олохгүй ээ.
Нийтлэлч Э.Адъяасүрэн
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.