О.Боргилыг таван жил гурван сар хорих ял ногдуулав

2020-03-16 Мэдээ, мэдээлэл

“Мандала” хотхоны 13 давхрын цонхноос 22 настай Ц унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ хэрэгт түүний хамтран амьдрагч О.Боргилыг холбогдуулан шалгаж байгаа юм. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.16/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.

О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.