Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн “Байнгын ажиллагаатай хяналт цэг”-ийг 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнтийн даваанд байгууллаа.
Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө, тасалгаагаар тохижуулсан бөгөөд ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм.
Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн байна. Ингэснээр нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.