Гурав хүртэлх насныхан ихэвчлэн томуу, томуу төст өвчин тусаж байна

2019-12-23 Мэдээ, мэдээлэл

Ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихсэж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасагт нийт 200 орны хүчин чадалтай бол ачаалал ихсэж орны тоог 140-өөр нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөгийн байдлаар БГД-ийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаан эзэлж байгаа аж.

Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Тодруулбал, гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг онцлов. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэснээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Харин анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй юм байна.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцлон сануулав. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол гардаг байна. Иймд эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх, асран хамгаалагчид онцлон зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.