Авто зам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо

2019-12-16 Нийслэл


НИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. 

Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьсан байсан. Харин өнөөдөр тус хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж, хүчингүй болголоо. Гэхдээ хуралдааны үеэр нэр бүхий төлөөлөгчид “Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийхэд ойрхон байна. Түргэний тэрэг, гал командын машин явж чадахгүй болчихвол яах вэ” гэсэн асуудлыг хөндөж байсан юм. Тухайлбал, төлөөлөгч н.Сандаг-Очир “Нэг хэсэг нь ажил хийх гээд нөгөө хэсэг ажлыг унагаах гээд байна. Саяны жагсаал цуглаан улс төрийн зорилготой хүмүүс байсан. 6-7 цэцэрлэг барих нь зогслоо, гүүрэн гарц, зам арчлалт гээд олон ажил зогсоочихоод хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Гудамжид жагссан хэдхэн хүний ашиг сонирхлоор асуудлыг шийддэг болох вий. Үүнд санаа зовж байна” гэж байсан юм.

Мөн энэ үеэр 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, түүнд зарцуулагдсан хөрөнгийн талаар судлах Ажлын хэсэг байгуулах саналыг Төлөөлөгч н.Батсүмбэрэл гаргав. Түүний горимын саналыг хуралдаан даргалагч дэмжсэнээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар судлах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Хамгийн гол нь энэ саналыг дэвшүүлсэн нь эрүүл үзэгдэл гэж харж байна. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. 6-7 сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна л гэж харж байна. Энэ бол цэвэр улс төржилт” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг хаяж гарч байсан удаатай. Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий. Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачхаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр шударга бус” гэв.

Ийнхүү санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.