Видео: Авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд МАШИНТАЙ жагсаж байна

2019-12-9 Нийгэм

 

 

Авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019.12.09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

Машинтай жагсагчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн шаардах бичгийг хотын удирдлагад хүргүүлэхээр жагсаж буй юм. Тэд өглөө 07.00 цагт цуглаж, жагсаалаа эхэлжээ. Жагсаалд оролцож буй жолооч нар дуут дохиогоо дуугарган, хотын удирдлагууд шаардлагыг өөрийн биеэр гарч ирж авахыг шаардаж байв. Машинтай жагсагчид авто зам дээр зогсолт хийж, түгжрэл үүсгээд байна. Хэрвээ жагсагчдын шаардах бичгийг албаныхан хүлээн авахгүй бол долоо хоногийн турш өглөө 07.00 цагаас эхлэн оройн 18.00 цаг хүртэл төв талбайг тойрсон зам дээр машинтай зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Жагсагчид “МАНАН-гийн татварын дарамтыг эсэргүүцэж байна”, “Дарамт татвар дарлал мөлжлөг”, “Төсвийн алдагдлыг түмэнд бүү үүрүүл” гэх мэт олон лоозон уриаг дэлгэж, байр сууриа илэрхийлсээр байна.

Харин энэхүү жагсаал замбараагүй явагдаснаас үүдэлтэйгээр замын хөдөлгөөнд ихээхэн саад учирч байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, жагсаал цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна. Тухайлбал, хоёр эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна.

#МАНАНгийн татварын дарамтыг эсэргүүцэж байна. #share #share #shareМашинтай жагсаал #Дарамт татвар дарлал мөлжлөг

Posted by Лхачинсүрэн Д. on Sunday, December 8, 2019

Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж буй гэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэл түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. Мөн ажил, сургуулиасаа хоцорч байгаа иргэдээс гомдол санал тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, жагсаалыг нэг эгнээгээр явуулах шаардлагыг иргэд тавьж байна гэдгийг холбогдох албаныхан хэлж буй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.