Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.
Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анх ааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.