Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгамдаж байгаа асуудлаа бүсийн хэмжээнд хэлэлцэж, мөн туршлага судлахаар ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо чуулна. Тодруулбал, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх долоон хоногт зохион байгуулагдах юм.
Конгрессын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд IV конгрессийг бэлтгэл ажил болоод зочид төлөөлөгчдийн талаар танилцуулсан. Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах, чадавхыг дээшлүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүсийн орнуудын 600 гаруй төлөөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хэлэлцэх гэнэ. Төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох аж. Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресст 43 орны төлөөлөгчид оролцохоо мэдэгдсэн. Уг арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно. Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар үндсэн илтгэл тавина. Мөн УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах тал дээр хууль эрхзүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ гэдгийг хэлсэн.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамддаг асуудлыг бүс нутгийн хэмжээнд туршлага солилцох тус арга хэмжээний бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээг бусад орнуудын жишигт хүргэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээнүүд, асаргаа, сувиллын үйлчилгээг ахицтай түвшинд бий болгох шаардлага байна. Хоёрдугаарт нийгэм, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг бий болгоход бидэнд боломжууд бий. Хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал тулгардаг.
-Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?
-Ази, номхон далайн бүсийн орнуудын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай, хэрэгцээт сургууль, цэцэрлэг, халамжийн төв байгуулдаг. Энэ жишгийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг нь шийдвэрлэчихвэл асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ялангуяа дэд бүтэц, гэрлэн дохио, гарц зэрэг үйлчилгээний байгууллагуудаар хүндрэлгүй үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар бид олон жил ярьж байгаа боловч дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байгаа.
-Конгрессийг хамтран зохион байгуулж байгаа газруудын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА ОУБ-ын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо – Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм. Тус конгресс дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.