АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка Трамп эцгийнхээ зөвлөхийн хувиар Герман улсад айлчлахаар ирсэн. Харин түүний айлчлал германчуудын эсэргүүцэлтэй тулгарлаа. Ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг эсэргүүцэгчид Иванкаг “Deutsche Bank”-ы гала үдэшлэгт хүрэлцэн ирэхэд гадаа нь тайван жагсч, дуу хоолойгоо илэрхийлжээ.
Цагаан ордонд ямар нэг албан тушаал хашихгүй гэж эхэндээ мэдэгдэж байсан ч сарын өмнө албан ёсоор Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Иванка эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэднийг эрчүүдтэй эн тэнцүү эрхтэй ажиллаж хөдөлмөрлөдөг болгохын төлөө ажиллана гэдэг. Гэвч бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй охиноо холбооны төрийн албан хаагч болгосон нь Трампын хачирхалтай шийдвэр Америкт шүүмжлэл хүлээгээд зогсохгүй, Баруун Европынхон ч эгдүүцэж буй бололтой.
Германы канцлер Ангела Меркел АНУ-д айлчлах үеэр гол ажлыг Иванка Трамп зохион байгуулсан гэдэг. Энэ үеэр гадны зочид төлөөлөгчид Иванкагийн албан ёсны гүйцэтгэх үүргийн талаар гайхаж хачирхан, Ерөнхийлөгчийн охин ямар ажил үүрэгтэй талаар хэвлэлүүд ч их хөндсөн. Үүний дараа Иванка Трамп Цагаан ордонд албан ёсоор өрөөтэй болж, нөхөр Жаред Кушнерын хамт эцэгтээ зөвлөхөөр болсон юм.
Иванка Германд айлчлах үеэрээ Холокостын дурсгалын цогцолборт очиж, дайны жилүүдэд амиа алдсан еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэжээ. Тэрээр 2009 онд еврей гаралт Кушнертэй гэр бүл болсноор еврейн шашинтан болсон юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.