22 хоногт угаарын хийнд хордсон 580 хүн эмнэлгийн тусламж авчээ

2019-10-24 Нийслэл
22 хоногт угаарын хийнд хордсон 580 хүн эмнэлгийн тусламж авчээ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө дөрвөн дуудлага ирж, 9 хүн буюу 7 том хүн, 2 хүүхэд эмнэлэгийн байгууллагад хандсанаас өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Аравдугаар сарын 2-ноос 24-нд нийтдээ 240 дуудлага ирж 580 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Угаартай холбоотой дуудлагын тоо буурч байгаа.

Хяналт шалгалтаар Өлзийтийн хоёр товчоогоор 12 шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан нь илэрсэн. Мөн Тавантолгойгоос 5 тонн нүүрс оруулж ирэхийг завдсан. Түүнчлэн иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн 13 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тоот айл 35 орчим тонн түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүлээд байна. Тухайн айл нүүрсээ 2018 оны хоёрдугаар сард худалдан авсан гэх хариуг хэлсэн. Зуухыг нь шалгахад түүхий нүүрс түлээгүй байсан тул нүүрсээ сайжруулсан түлшээр солихыг сануулсан байгаа.

Мөн тус дүүрэгт амьдардаг айл нүүрс түлж байсныг илрүүлсэн 50 мянган төгрөгөөр торгосон. Агаарын бохирдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан. Тавантолгой түлш ХХК-иас 350 мэргэжилтэн иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байна” гэв.

Агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын 14-20-ны хооронд хэмжигдсэн мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад РМ 10 хэмжээтэй тоосонцор 24 хувиар, РМ 2.5 тоосонцор 25 хувиар буурсан. Харин азотын давхар исэл 6 хувиар өсчээ. Автомашин тоо өссөн нь азотын давхар исэл нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг НАББГ-аас мэдээллээ.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.