Хүрэлтогоот ЭШБХ болж, тэргүүн илтгэлийг шалгарууллаа

2019-10-20 Мэдээ, мэдээлэл

Хүрэлтогоот ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбарын хуралдаан Хүрэлтогоот одон орон судлалын төвд болж өндөрлөлөө.
Хуралдаанд эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцсэнээс Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд” илтгэлээр, ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн нийгмийн дүр төрх” илтгэлээр тэргүүн байр эзэллээ.


Мөн Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Орон зайн дундын мэдээллийн сангийн ажилтан Г.Цогтдэлгэр “Сонгуулийн судалгаанд орон зайн дүн шинжилгээ хийх аргазүйн асуудал” сэдэвт илтгэлээр тусгай байрт шалгарч ивээн тэтгэгчийн шагналаар шагнуулав. Нийгэм хүмүүнлэгийн салбар хуралдааныг 5 дахь жилдээ судалгаа зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК ивээн тэтгэж, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг тусгай байрын шагнал гардууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор С.Нарантуяа, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн хэлтсийн дарга Я.Шийлэгмаа, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж, Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Мягмарсүрэн нар ажиллав.
Хуралдааныг нээж БСШУСЯамны Инновацийн хэлтэсийн дарга доктор Д.Одгэрэл үг хэллээ. Нээлтийн үгэнд ШУ-ын салбарын талаар баримтлах төрийн бодлого ба өнгөрсөн 9-р сард зохион байгуулагдсан ШУ-ы ажилтны анхдугаар хурлаас гарсан шийдвэрийн талаар цохон тэмдэглэлээ.
Хурлын даргаар ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Гэрэлмаа нар ажиллаж, хурлыг дэгийн дагуу амжилттай зохион байгууллаа.


Хүрэлтогоот хурлын төгсгөлд оролцогчдыг баярлуулсан олон үйл явдал болсоноос дурдахад “Хүрэлтогоот 2018” тэргүүн байрын эзэд болох Э.Эрдэнэзуу, Ц.Гүнчин-Иш нар 2019 оны тэргүүн байрын эздэд уран бичлэгийн дурсгал гардуулсан.
МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Я.Шийлэгмаа 3 залуу судлаачид сургуулийн нэрэмжит бэлэг гардуулсан.
ШУА-ын Философийн хүрээлэнгийн зүгээс мөн шилдэг оролцогчид гарын бэлэг, өөрсдийн бүтээлийн дээжээ өргөн барьсан зэрэг болно.
Цаашид НШУЗЭХ ба залуу судлаачид хамтран залуу судлаачдад чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах, залуучуудын эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал санаачлага гаргалаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.