Тааруухан захирал ямар ч сайхан ажил мэргэжлийг нурааж дөнгөнө. Буруу удирдах, биеэ тоох, ажлын хэсэг бүрийг шалган мөрдөгч байх эсвэл ажлаа таслагч байх гээд олон төрлийн муу удирдагч байдаг. Ийм төрлийн захирал ямар ч чадварлаг ажилтныг муу болгож чадахаас гадна ажлын үр дүн ямагт доогуур байдаг.
“BambooHR” гэдэг компанийн хийсэн судалгаагаар тааруухан захирлаас болж компани байгууллагын ажилтан мэргэжилтнүүдийн 44 хувь ажлаа сольдог гэжээ. Ур чадвар сайтай захирлын удирдлагад ажилтнууд ажилдаа улам уусаж бүтээмж өсдөг. Улмаар ажлын уур амьсгал ч сайжирдаг байна. Эсрэгээрээ захиралдаа дургүй ажилтнууд ажилдаа дурлах нь багасч өөр ажил хайж эхэлдэг.
Карьер менежментийн зөвлөгөө өгдөг “RiseSmart” компанийн дасгалжуулагч зөвлөх Мишел Дамиконийн хэлж байгаагаар тааруухан захирлуудыг хэт хувиа хичээсэн, өөрийн гэсэн толгойгүй, цагдан хянагч гэж ангилсан байна. Хэрэв та ийм төрлийн захиралтай таарсан бол ажлаа солихыг урьтал болголгүй доорх зөвлөмжийг уншаад үзээрэй.
Нарциссист
Хувиа хичээгч буюу нарциссист төрлийн хүн магтаал сайшаалд дуртай, ихэвчлэн өөрөөрөө бахархах мэдрэмж авахыг ямагт хүсч байдаг. Тэд шүүмжлэлд эмзэг ханддаг. Ийм төрлийн захирал магтаал талархал сонсох дуртай боловч бусдыг урамшуулж магтах нь ховор. Нарциссист хүнтэй ажиллах нь төвөгтэй байдаг яагаад гэвэл тэд бусдын хүчин чармайлтыг ойшоодоггүй. Хаяа нэг магтаалын үг унагана. Гэхдээ ингэх нь тун ховор.
Өөрийн бус бусдын бүтээсэн шинэ санаа, бүтээсэн зүйл дээр сайшаал хүртэх эрмэлзэлтэй боловч асуудал үүсээд ирэхээр бусдыг байнга шүүмжилдэг гэж OfficeTeam фирмийн бүсийн ерөнхийлөгч Бранди Бриттон хэлжээ. Юу ч болж байсан, ямар ч нөхцөл байдалд “хэцүү” захирлаа урамшуулан магтаж түүнтэй найрсаг харилцаагаа хадгалж үлдэх нь хамгийн зөв арга. Гэхдээ өөрийнхөө толгой дээр гаргаж болохгүй. Аливаа зүйл хил хязгаартай. Хэлж болохгүй үг, хийж болохгүй үйлдэл байдаг гэдгийг эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй гэжээ.
Өөр нэг шалгарсан арга бол нарциссист босстой зайгаа барьж харилцах. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эелдэг соёлтой, мэргэжлийн бөгөөд найрсаг байх, гэхдээ хэт наалдах бус тодорхой хэмжээний хамгаалалттай байх хэрэгтэй. Таны эсрэг ашиглаж болох хувийн шинжтэй зүйлээ дэлгээд байж болохгүй. Хэрэв таны дарга ууртай байвал түүний хэрэгт хөндлөнгөөс оролцсоны хэрэггүй. Үнэхээр хил хязгаараас давсан үйлдэл хийгээд байвал тэдний ямар тэвчишгүй үг хэлж байсан, түүнийг хүлээж авах боломжгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Хүний гар харагч
Үргэлж л хүний гар хардаг, бие даан шийдвэр гаргах чадваргүй, ажлыг бусдад найдаад орхидог захирал байдаг. Тэд таны хийж буй ажлыг бараг ойлгодоггүй. Тиймээс тэд өдөр тутмын ажилд хувь нэмэр болох, удирдлагын чиглэлээр хангах боломжгүй. Энэ нь яг эзгүй арал дээр ямар ч тусламж авах боломжгүй болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Таны удирдагч ийм төрлийн хүн бол түүнтэй аль болох байнга харилцаж байх хэрэгтэй.
Тулгамдсан асуудал, өдөр тутмын ажил төрөл зэрэг ажлуудаа тайлагнаж ярих, хамтдаа хэлэлцэх нь хамгийн үр дүнтэй арга юм гэж хүний нөөцийн мэргэжилтэн Лоуэс Краус хэлжээ. Асуудлаас тойрч зугтахын оронд ажлыг түргэн гүйцэтгэх үүднээс хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангах, гүйцэтгэх өдөр сарыг товлох гэх мэт асуудлаа тохиролцоод ав. Энэ нь бусдаас хамааралгүй ажлаа амжуулах бас нэг арга юм. Үе үе захирал дээрээ орж асуух зүйл байвал эргэлзэж тээнэгэлзэлгүй асуух хэрэгтэй гэжээ.
Ажил төрөл, төсөл хөтөлбөрөө хэлэлцэх, чиглэл авах, тулгарсан асуудлаа хэлэлцэх үүднээс долоо хоног бүр уулзалт хийж болно. Ер нь найрсаг харилцааг хадгалж үлдэх нь хамгийн сайн арга бөгөөд цахим шуудангаар харилцах, мэдээлэл солилцох нь хамгийн үр дүнтэй байдаг. Ямар ямар ажил хийсэн, юу төлөвлөж байгаа зэрэг бүх мэдээлэл хадгалагдаж үлдэх давуу талтай ажээ.
Цагдан шалгагч
Ийм төрлийн захиралтай ажиллах үнэхээр хэцүү. Тэд цаг үргэлж л юу хийхийг зааж сургана. Энэ нь яг л хүний хяналтад үүрэг гүйцэтгэж буй мэдрэмж төрүүлнэ. “Даанч тэд үүнийгээ хийх ёстой үүрэг гэж боддог. Хянаж цагдахгүй л бол ажил явахгүй, бүтэхгүй гэж тэд боддог” гэж Краус хэлжээ. Ажилтан даргатайгаа холбогдож санал солилцох нь байх ёстой зүйл. Ямар ч төрлийн дарга захирал байсан тэдэнтэй нүүр тулж харьцах ёстой болдог. Гэвч цагдан шалгагч төрлийн захирал алдаа дутагдал хийх дургүй, хүнд итгэдэггүй. Тиймээс энэхүү онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй.
Баргийн юманд гайхаж цочирдохгүй болох хэрэгтэй. Ямар нэг асуудал болох үед ч юм уу нууц байх шаардлагатай төлөвлөсөн ажлыг хэн нэгэнд ярих үед захирлаа нэг ажиглаад авахад гэмгүй. Цагдан шалгагч төрлийн “төгс хийгч” захирал ер бусын сэжигч болоод ирдэг. Ийм үед өөрийнхөө байр сууриа алдахгүй, цагийн юмыг цагт нь хийж захирлынхаа аягт тааруулж ажиллаад байж болохгүй. Захирал чинь ямар ч ааштай байсан түүний ажил хэрэгт тус болж нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаагаа мартаж болохгүй.
Муу захиралтай “тэсч” ажиллах хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Байнгын харилцаа. Харилцаа бол бизнесийн нэгэн тулгуур. Тиймээс ямар ч ааштай, хэцүү байсан захирлын санаа сэтгэлийг өргөх нэг хэрэгсэл бол харилцаа юм. “Мэдэхгүй бол шуудхан асууж лавла. Түүнд удирдан чиглүүлэгч гэдгийг нь үргэлж мэдрүүлж бай.”
2. Харилцан ярилцлагыг баримтжуулах. Ажилтан удирдлага хооронд болсон харилцан яриа зэргийг боломж байвал тэмдэглэж аваад баримтжуулж авахад илүүдэхгүй. Сүүлд мартаж санах зүйлгүй, дарга дээрээ дахин дахин орж лавлахгүй.
3. Өөрийн байр сууриа ямагт хадгалж бай. Хэрэв захирал таныг элэг барих, дээрэлхэх хандлага ажиглагдаад ирвэл ямар ч байсан өөрийнхөө талд байр сууриа хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө зөвөөр ойлгуулж өөртөө итгэлтэй байх ёстой. Шалтгаанаа зөв ойлгуулж байр сууриа хадгал. Ямар зүйл шалгааж болохыг таамаглаад хариу тайлбараа бэлтгэчихэд илүүдэхгүй.
4. Захиралтайгаа ойлголц. Захиралтайгаа анх удаа нүүр тулан уулзалдаж байна уу? Эсвэл захирал таны албан тушаалыг гайхан хүлээн авч байна уу? Хэрэв тийм зүйл тохиолдсон бол яагаад захирал ингэх болсон шалтгааныг олох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд захирал өөрийгөө хэзээ ч муу удирдагч гэж боддоггүй, тийм байсан ч мэддэггүй.
5. Хүний нөөцийн ажилтантайгаа уулзаж бай. Хэрэв таны гаргасан хичээл зүтгэлийг үнэлж хөгжүүлэхгүй, шан харамж үзүүлэхгүй байвал хүний нөөцийн ажилтантайгаа уулзаад үз.
6. Ажлаасаа гарахаар шийдсэн бол захиралтайгаа ярилцаад үз. Та захиралтайгаа ажиллахад үнэхээр тэсэшгүй болсноос ажлаасаа гарахаар шийдсэн бол хүний нөөцийн ажилтантайгаа нэг удаа ярилцлага хийгээд үзээрэй. Компанид ажилласан түүх, туулж өнгөрүүлсэн амьдрал үйл явдлын талаарх мэдээлэл өөр нэгэн ажилтанд тус хүргэж мэдэх юм. Ингэхдээ чин үнэнчээр өөрийгөө хууралгүй мэдээлэл хүргэсэн нь дээр. Гэхдээ товч тодорхой мэргэжлийн хандах хэрэгтэй гэдийг санаарай. Таны өгсөн мэдээлэл, тайлбар эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадна.
Эх сурвалж: www.businessnewsdaily.com
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.