Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 9 өрхийн 26 иргэнээс дуудлага ирсэн. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт таван том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн угаарын хийн хордлогоос сэргийлэх, шахмал түлш хэрэглэх зааварчилгааг 3000 гаруй албан хаагч айл бүрээр орж танилцуулж ажилласан байгаа. Зөвлөмж хүргэгдсэний үр дүнд буурсан” гэв.
Харин НМХГ-аас үүсэн нөхцөл байдалтай холбогдуулаад гурван ээлжээр ажиллаж байгаа. Өчигдөр шөнийн хяналт шалгалтын явцад айлууд түүхий нүүрс түлж байна гэсэн гомдол ирсэн. Түүхий нүүрс түлж байгаатай холбогдуулаад хяналт тавьж ажиллаж байна. Мөн бага оврын машинаар түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Сайжруулсан түлшийг хэрэглэснээс хойш нийслэлийн агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 12 автомат агаарын чанарын станц ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын чанарын үзүүлэлт PM агаарын тоосжилт хоёр дахин өссөн бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал стандарт хэмжээнээс бага, хүхрийн хэмжээ стандарт хэмжээнд байна. Агаарын чанарыг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хамгийн их агаарын бохирдол ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтын орчинд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа судалгаа гарсан” гэлээ.
Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хордлогод орсон иргэд анхан шатны эмчилгээг хийлгээд эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлсэн юм. Сайжруулсан түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд тараах ажил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөв галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэхээс гадна томоохон худалдааны төв, олон нийтийн газруудад тараагдаж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.