Онгойсон нүх Сэлэнгийн талд үлдээх гээгүй юм бол буух эзэн буцах хаягтай газар нь олгомоор юм

2019-11-13 Байгаль орчин

Гацууртын алтны үндсэн орд руу шүлсээ үсчүүлэх нинжа нарын сүрэг нэг хэсэг гаарсан л даа. Одоо ч өлөв долов хийсэн нинжа нар тус газарт урилгагүй зочилоод, “Сентеррагоулд Монголия” компанийнханд хөөгдөөд явдаг мэдээтэй. Яахав нинжа нарыг тус орд руу оруулаад, аз нь байвал жаахан юм олоод ав гэж хэлж болох ч үлдээдэг ул мөр нь дэндүү эмгэнэлтэй. Үүний нэгэн тод жишээ нь 2015 онд нэр бүхий УИХ-ын гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэр тус ордыг 70 тонн алтны нөөцтэй  гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Үүний улмаас Гацууртын алтны үндсэн орд руу Монгол Улсын өнцөг булан бүрээс хувиараа ашигт малтмал олборлогч иргэн олон тоогоор ирж, хууль бусаар нэвтрэн оржээ. Тус газарт 2015 оны  зургадугаар сараас эхлэн 2015 оны арванхоёрдугаар сарыг хүртэл хугацаанд давхардсан тоогоор 14 мянга орчим хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар орж, байгаль орчныг  сүйтгэж, гэмт хэрэг зөрчил гаргасан байдаг. Мөн “Сентеррагоулд Монголия” компанийнхан 2016-2017 онд Гацууртын ордод гурван удаа цэвэрлэгээ хийж 30 гаруй тонн хог зөөж булшилсан аж. Өөрөөр хэлбэл, тус компанийхан сүрэглэсэн нинжа нарын энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсоож, орон нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан  арга хэмжээг тухай бүрт нь авч, хууль бус алт олборлогчдыг тарааж, тухайн талбайгаас албадан гаргаж, 210 орчим нүхийг булсан юм.

Нөгөөтэйгүүр, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах лиценз нь хуучин шороон ордын талбайд л хийгдэнэ. Шороон ордыг гар аргаар ашиглаж болох ч алтны үндсэн ордыг техник, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн аргаар авахгүй бол болохгүй гэдгийг эрдэмтэд нотлодог. Учир нь үүнийг ашиглахад, олборлолт явуулахад шинэ газар хөндөгдөхгүй. Шороон ордын хуучин туурин дээр ажиллагаа явагдах юм. Өөрөөр хэлбэл, сэндийлсэн газарт олборлолт явуулчихаад, нөхөн сэргээлт хийнэ. Тиймээс эрт, орой хэзээ нэгэн цагт аль нэг компани “Гацуурт”-ын ордод олборлолт хийх нь тодорхой билээ. Хуучин ашиглаж байсан талбайд тэгж гэмээнэ нөхөн сэргээлт хийнэ. Харин хэзээ гэдгийг нь цаг хугацаа харуулах үлдлээ. Эс бөгөөс хувиараа алт олборлогчдын гараар орж, сүйрэх нь тодорхой билээ. Үүний балгаар Монгол Улсад нэг төгрөг ч үлдэхгүй. Онгойсон нүх Сэлэнгийн талд үлдэнэ. Тиймээс лицензийг ашиглах ёстой компанид нь хариуцуулчихаад Монгол Улс 34 хувийнхаа ашгийг хүртэж, уул уурхайгаас олсон баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжилд нэмэрлэх нь зүйтэй гэсэн санаа ч зарим хүнээс гардаг. Байж болох л асуудал. Буух эзэн, буцах хаягтай газарт нь “Гацуурт”-ын ордыг эзэмшүүлье. Тиймээс Гацууртын ордыг гацаанаас гаргаж, яагаад болохгүй гэж…

Төр нь зохих хувиа хүртэж, газрын доорхи баялагтаа монголчууд эзэн нь болж, үр шимийг хүртэж явах нь зөв биз дээ. Газар доорх эрдэнээ зөв ашиглаж чадвал хууль журмын дагуу нөхөн сэргээлтийг нь 100 хувь хийлгэх талд хатуу хяналт тавьж ажиллахад болохгүй зүйл үгүй гэж үү. Тиймээс л  “Сентеррагоулд Монголия” компанийг чиглэе. Тэд нөхөн сэргээлт төдийгүй Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай, аюулгүй ажиллагааны дүрмийг нутагшуулсан компани билээ. Тэднийг Бороогийн алтны үндсэн ордод хийсэн нөхөн сэргээлтээс харж болно. Бороогийн уурхайн үйлдвэрлэл 2004-2014 оныг хүртэл 10 жил үргэлжилж 2015 оноос тус уурхай хаалтын горимд шилжээд байна. Бороогийн алтны үндсэн ордоос нийт 56 тонн алт үйлдвэрлэсэн байна. 2004-2017 оныг дуустал улсын болон орон нутгийн төсөвт нийт 341 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ. Хөдөлмөрийн эрүүл, ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой компанийн бүхий л үйл ажиллагааг олон улсын стандарт, шилдэг туршлагууд болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд компанийн дотоод дүрэм журмын дагуу явуулдаг гэдгийг эрдэмтэд хүртэл хэлж байна.

Түүнчлэн “Сентерра гоулд Монголия” ХХК нь 1997-2006 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнд Гацууртын алтны үндсэн ордыг нээн илрүүлсэн бөгөөд хайгуулын ажил, уурхайн дэд бүтцийг байгуулахад нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гацууртын алтны үндсэн ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар анх 2007 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 17.1 сая тонн хүдэрт агуулагдах 50 тонн тодорхой нөөцөд үр ашигтай 10.6 сая тонн хүдэрт агуулагдах 26.1 тонн алтны нөөцтэй гэжээ.

Тэгэхээр хариуцлагатай уул уурхай нэрийн дор нинжа нарын бусармаг үйлдлийг дэмжсэн цагаан захтнууд үнэнийг харлуулсан олон мэдэгдлийг удаа дараа хийж, олны тархийг угааж байна. Үнэн хэрэгтээ Гацууртын алтны үндсэн орд Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараагаас  зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Гацуурт орд нь бидний сэжиг таамаг дэвшүүлж, иргэний хөдөлгөөнийхний хамгаалахаар тэмцээд байдаг орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас 10 км-ийн зайд, Хүннүгийн олдвор олдсон Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км-ийн зайд оршиж байна.

Ноён уулын амнаас ийм хол байрлах ордыг ашиглахад Ноён уулыг ухаж байгаа мэт олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн нь нинжа нарын лобби хүчтэй явсаных. Ноён уулыг хамгаалахаар тэмцэгчдийн урдаа барьдаг уриа лоозон нь Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэх нь гэдэг. Харин ч тус компани нь мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байгаль орчны нарийвчилсан тайлангуудыг тухай бүрт нь БОАЖЯ болон Мандал сумын удирдлагуудад хүргүүлж байжээ. Тайлангаас харвал 2008 онд Гацууртын алтны үндсэн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ хийж, 2009 онд төслийн үнэлгээг баталсан байна. 2016 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ-аар дахин хийлгэжээ. “Сентерра гоулд Монголия” компани Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу уурхайн олборлолт явуулах талбай цэвдэгтэй эсэхийг тогтоох, цэвдгийн иж бүрэн судалгааг 2015 оноос хойш Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн байна. 10 цэгт цэвдгийн хайгуул, өрөмдлөг, геофизикийн хээрийн судалгааны ажлыг хийсэн мэргэжлийн судлаачид цооногт цэвдэг, цэвдэгт үзэгдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байна.

Мөн ШУА-ийн харьяа Палеонтологи-геологийн хүрээлэнтэй хамтран 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, түүний орчны бүсэд  палеонтлогийн хайгуул судалгаа хийлгэсэн байна. МУИС, ШУА-ийн мэргэжлийн судлаачдаар Гацуурт орд газар болон орчмын археологи, палеонтологи, түүх угсаатан зүй, хөрс гээд олон нарийвчилсан судалгаа хийжээ. Гацууртын орд биш, ойр орчмын газраас таван дурсгалт газар илэрсэн нь Хүннүгийн булш биш чулуун байгууламж байдаг байна. Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах судалгааны газар ажиллаж холбогдох байгууламжуудыг авч явсан. Археологийн хүрээлэнгээс 2016 онд ирүүлсэн дүгнэлтээр Гацууртын орд болон түүний орчимд хийсэн судалгаагаар ямар нэг археологи, палеонтологийн булш бунхан байхгүй. Үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлан ирүүлснийг орон нутгаас эхлээд холбогдох төр захиргааны  байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Усны чанар, хүнцэл, хөрс, цэвдэг гээд байж болохуйц байгаль орчны бүх нэмэлт судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Тухайлбал, 114 цэгээс хөрсний дээж авч, 120 гаруй цэгээс усны дээж авсан нь шинжлэх ухаан, онолын талаас нь бүгдийг хийсэн байна.

Гэвч Ноён уулын эргэн тойрны шороон орд руу өөрсдөө орох гэсэн нинжа нар эрдэмтдийн энэхүү үнэлгээг ч үгүйсгэж, худалдагдсан мэт цуурхал тарааж чадсан. Чухамдаа компанийн хувьд эрдэмтдээр судалгаа шинжилгээ хийлгүүлж, боломжийг эрэлхийлсэн нь зүйн хэрэг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харгалзах нь ч хариуцлагатай уул уурхайн хэлбэр. Үүнээс өөрөө хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх боломж байхгүй. Харин эрдэмтэд, мэргэжилтнүүдээ үл тоож, хууль бусаар алт олборлогчдыг дэмжих сонирхол мэргэжлийн байгууллагууд болон эрдэмтдээс илүү төрийн өндөр дээд түвшинд байгаа нь сонирхол татаж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.