Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгож байна. Гарал үүслийн гэрчилгээг олгох үйл ажиллагаа нь хэлэлцээрийн 3 дугаар бүлэг – Гарал үүслийн дүрэм, “Монгол Улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүсэл тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-аар зохицуулагддаг юм байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Хулан дараах мэдээллийг өгч байна.
– Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ямар дараалал, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж гарал үүслийн гэрчилгээ авах ёстой вэ? Үүнд хэдий хугацаа зарцуулдаг юм бол?
– Нэн түрүүнд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гарал үүслийн журмын шаардлагыг хангаж уу гэдгийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн процесс нь гарал үүслийн журмын дагуу явагдсан эсэхийг өөрөө шалгах хэрэгтэй. Журам маань манай МҮХАҮТ болон ГХЯ бусад холбогдох газруудын вэбсайт дээр Монгол, Англи хэл дээр тавигдсан байгаа. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлтийн жагсаалтад хамрагдсан эсэхээ шалгана. Шалгахын тулд барааны кодоо харах ёстой. Хэрвээ барааныхаа кодыг мэдэхгүй эсвэл тодорхойлж чадахгүй байвал Гаалийн ерөнхий газрын барааны ангиллын хэлтэст очоод тодорхойлуулна. Ингээд журмын дагуу үйлдвэрлэгдсэн, хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад багтсан байвал хэлэлцээрийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж үзээд гарал үүслийн гэрчилгээ авна.
Гэрчилгээ авахаар ирэхдээ Японы талтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ авчирсан байх ёстой. Англи хэл дээр сав баглаа боодлын жагсаалт болон үнийн нэхэмжлэхээ бэлдсэн байна. Ажлын хоёр цагийн дараа гэрчилгээ бэлэн болно. Хэрэв гэрчилгээг МҮХАҮТ-ын гарал үүслийн порталаар мэдүүлсэн тохиолдолд 30-40 минутад гэрчилгээгээ авах боломжтой.
Гарал үүслийн гэрчилгээ авсаны дараа тухайн бараа бүтээгдэхүүнд шаардагдах эрүүл ахуй, хорио цээрийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд чанарын болон тохирлын гэрчилгээ авна. Үүний дараа гаалийн бүрдүүлэлт хийгээд Япон руу ачилт хийлгэж болно. Хэлэлцээрийн дагуу шууд ачилт хийхийг шаарддаг. Хэрэв шууд бусаар, дамжин өнгөрсөн тохиолдолд тухайн дамжин өнгөрсөн орондоо ямар нэгэн боловсруулалтад ороогүйг баталгаажуулах гаалийн болон тээврийн баталгаа гаргаж өгнө.
Ер нь Япон руу бараа бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байгаа экспортлогч нарт хэд хэдэн сонголт байдаг. Нэгдүгээрт, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд нэн тааламжтай нөхцлийн тарифын хөнгөлөлтийг эдэлж болно. Хоёрдугаарт, хөнгөлөлтийн эрхийн системийн дагуу тарифийн хөнгөлөлт эдлэх, гуравдугаарт, дээр тайлбарласан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүн. Аль тарифын хөнгөлөлтийг эдлэх вэ, ямар журмыг хангасан байх, ямар гэрчилгээ авах вэ гэдгээрээ л ялгаатай болохоос ерөнхий шаардлага адилхан. Шаардлагатай гарал үүслийн гэрчилгээнүүдийг нь МҮХАҮТ олгож байгаа. Бүрдүүлэх бичиг баримтуудын хувьд ерөнхийдөө адилхан. Зөвхөн шаардлагатай тохиолдолд манай Танхимын мэргэжилтнүүд тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессыг шалгаж үздэг. Мөн нэмэлт бичиг баримтууд тухайлбал үйлдвэрлэгчдийн тодорхойлолт бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж болно.
– Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу бараа бүтээгдэхүүнээ гаргахад манай үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл юу байна?
– Нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүнийхээ кодыг зөв тодорхойлох түүгээр дамжуулаад гарал үүслийн шаардлагуудаа хангах хэрэгтэй болдог. Хэдийгээр түүхий эд нь Монголынх ч гэсэн бусад нэмэлт орцуудыг импортоор авч байгаа учраас тэдгээртэй холбоотой гарал үүслийн тусгайлсан шаардлага тавигддаг уу эсвэл ерөнхий шаардлагыг хангах уу гэх мэт зүйл дээр анхаарах хэрэгтэй болдог. Экспортлогч нарын хувьд манай танхимаас хэлэлцээрийхээ дагуу бичиг баримтаа бүрдүүлээд гэрчилгээ аваад гардаг учраас тулгарах асуудал харьцангуй гайгүй. Харин импортлогч нарын хувьд бичиг баримт, гэрчилгээ дутуугаас болоод гааль дээр хөнгөлөлт эдэлж чадахгүй байх, татвараа нэмж төлөх гэх мэт асуудал тулгараад байгаа. Аль аль нь хэлэлцээрээ уншаад судлаад хэлэлцээрийнхээ дагуу гэрчилгээгээ зөв бүрдүүлж байж гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх ёстой.
Ерөнхийдөө манай улсаас Японы тал руу хийж байгаа экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл бага байна. Нийтдээ 10 орчим нэр төрлийн бараа л гарч байна. Хэд хэдэн шалтгаантай.
Тухайлбал, хэлэлцээрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний жагсаалт дотор манайд үйлдвэрлэж байгаа гол гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс зарим нэг нь хамрагдаж чадаагүй, Японы зах зээлд чанарын шаардлага хангах зэрэг асуудал байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад дэд бүтцийн асуудлууд тухайлбал тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрүүлэх гэрээ хэлэлцээрүүд зөвшөөрөл гэх мэт асуудлууд нөлөөлж байаа болов уу.
– Танд баярлалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.