-Монгол, Тайванийн хооронд шууд нислэг байдаггүй нь мэдээж нөлөөлдөг-
Тайваний худалдааны газрын суурин төлөөлөгч, ноён Хуан Куо Рунтай ярилцлаа.
Манай их, дээд сургуулиуд 200 хүүхэд тэтгэлгээр сургана
-Хүйтний улирал эхэлж байхад Монголд ажиллахаар ирж байсныг тань санаж байна. Манай орны хүйтэн ширүүн уур амьсгалд дасч амжсан уу?
-2015 оны арванхоёрдугаар сард ирж байлаа. Тэр өдөр Тайваньд 20 хэм дулаан, харин Улаанбаатарт 27 хэм хүйтэн байсан. Бараг 50 хэмийн зөрүүг нэг өдөр мэдэрсэн. Ирэхээсээ өмнө Монголын цаг агаарын талаар тэнд ажилллаж байсан хүмүүсээс болон бусад байдлаар мэдээлэл авсан болохоор сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Тийм ч их цочирдож хүлээж аваагүй. Тайвань жилийн дөрвөн улиралд халуун, дулаан байдаг бол Монгол Улсад жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддог, хатуу ширүүн уур амьсгалтай. Би цаг уурын орчин хүмүүсийн ахуй соёлд дасч байна, гэр бүлийн хүн маань илүү их дассан. Монгол орны өвөл нь сонирхолтой тэсвэр тэвчээр болон дасан зохицох даван туулахыг шаарддаг. Зуны улирал нь гайхалтай сайхан санагддаг. Орон нутагт очихоор тайвань хүмүүст гойд сонин, өөр ертөнцөд ирсэн мэт санагддаг. Миний болон манай гэр бүлийн хүний хувьд Монголд ажиллаж байгаадаа баяртай байгаа. Манай монгол найзууд маань намайг монголжуу төрхтэй гэдэг. Энэ надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ хугацаанд хамгийн хэцүү зүйл нь монгол хэл сурах явдал. Гэхдээ ажиллах хугацаандаа монгол хэлийг заавал сайн сурна гэж мэрийж байгаа.
-Одоо, дэлгүүр үйлчилгээний байгууллагад ороод орчуулагчгүйгээр хэл нэвтрэлцэж байгаа юу?
-Олон оронтой тоо хэлэхэд жаахан хэцүү. Гэхдээ тооны машин зэргийг ашиглаад ойлголцож байгаа. Улаанбаатар хотыг улсын нийслэл болохоор үйлчилгээний байгууллагаар ороод англи хэлээр ойлголцох болов уу гэж төсөөлж байсан ч тэр бүр англи хэлтэй хүнтэй таараад байгаагүй. Гэхдээ жилийн дараа харж байхад ресторан болон бусад байгууллагад англи хэлээр ярьдаг хүмүүс олширсон юм шиг санагдсан.
-Бага насны хүүхдийг түлэгдэхээс хамгаалсан зуухны хамгаалалтыг монгол айлд хүлээлгэж өгсөн байсан. Энэ санааг та өөрөө олов уу. Яагаад ийм төсөл хэрэгжүүлсэн бэ?
-Хэдийгээр ярихад бага зэрэг санаа зовмоор ч нэг явдлаас болоод энэ санааг олсон. Хөдөө явж байгаад болгоомжгүй, монгол гэрт дасаагүйгээс болоод зууханд нь гараа түлчихсэн юм. Нэлээд гүнзгий түлэгдсэн болохоор нөхөн сэргээх эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Тухайн үед эмнэлэгт их олон хүн, тэр дундаа хүүхэд олон байсан. Эмнэлгийн удирдлага болон бусад хүмүүсээс холбогдож асуухад ихэвчлэн бага насны хүүхдүүд түлэгдэж ирдэг гэдгийг хэлсэн. Нийт түлэгдэгсдийн 90 гаруй хувь нь 0-5 насныхан гэсэн тоог сонсоод тэдгээр хүүхдийг их өрөвдсөн. Хүүхдүүд эмчлэгдээд гардаг ч эрүүл мэндээр хохирсон, амь насаа алдсан тохиолдол ч гардаг юм билээ. Эмчлэх нь нэг хэрэг, хамгийн гол нь урьдчилан сэргийлэх нь чухал. Хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ гэж бодож энэ санааг хэрэгжүүлсэн. Монгол гэрт байгаа хүүхдүүд зуухандаа түлэгдэхээс гадна халуун тогоонд түлэгддэг юм билээ.
-Харамсалтай нь үүнээс болж монгол хүүхдүүд амь насаа алддаг. Зөвхөн манай ахуйд л байдаг гаднын хүн тэр бүр ойлгоод байхааргүй бэрхшээлийг анзаарч, шинэ шийдэл гаргасанд талархлаа. Тэрхүү хамгаалалтыг гарын доор материалаар хийгээд гэртээ тавьчихаж болмоор таалагдсан?
-Монголын бүх айлд үүнийг хийгээд өгөх боломжгүй ч бид энэ төслийг үргэлжлүүлнэ. Төрийн болон төрийн бус байгууллагууд биднээс санаа аваасай. Хүүхдийг хамгаалах энэ шийдлийг илүү өргөн нэвтрүүлээсэй. Өнөөдөр танд тохиолдохгүй ч маргааш ойр тойрныхонд чинь учирч болзошгүй гэж ухаараасай гэсэн мессэжийг хүмүүст хүргэхийг зорьсон.
-Тайваньд суралцах сонирхолтой залуусын тоо жил бүр нэмэгдэж байна. Танай Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан байсан. Хичнээн хүүхэд сургах вэ?
-Тайваньд Монгол Улсаас 800 гаруй оюутан суралцаж байгаа. Эдгээр оюутнаас Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа нь харьцангуй бага. Жилд ойролцоогоор 20-25 оюутанд Засгийн газраас тэтгэлэг олгодог. Харин их, дээд сургуулиас зарласан тэтгэлгээр суралцаж байгаа нь олон. Энэ жилийн тухайд сургуулиудаас өгсөн тэтгэлгийн тоо нэмэгдсэн. Тайваний шинжлэх ухаан технологийн сургуулиас 100 монгол оюутныг тэтгэлэгээр сургахаар амалсан байгаа. Өөр нэг сургууль 50 оюутныг баклаврын түвшинд, анагаах ухааны сургууль 50 хүүхдийг тэтгэлгээр сургахаар болсон. Хэдийгээр манай хоёр орон албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй ч боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн байгаа.
-Тайванийн боловсролын тогтолцоо дэлхийд хэр өндөр үнэлэмжтэй байдаг вэ. Төгсөгчид нь хөрвөх чадвар сайтай байдаг уу?
-Тайвань хүмүүст тогтсон нэг хандлага бий. Энэ нь ямар ч хэцүү амьдралтай байсан үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй байдаг. Засгийн газраас боловсролын салбарт асар их хөрөнгө зардаг. Засгийн газрын бодлого, иргэдийнх нь хүсэл сонирхол нэгдэхээр сайн боловсролын тогтолцоо бий болдог юм байна. Дэлхий дахинд Тайванийн боловсролыг хүлээн зөвшөөрдөг. Улсын болон хувийн сургуулиудын сургалтын бааз сайн хөгжсөн. Зөвхөн Монголоос төдийгүй, дэлхий дахины олон орны залуус Тайваньд суралцдаг. Ялангуяа Зүүн өмнөд Азийн улсуудаас суралцагчид их. Тайванийн амьжиргааны өртөг нь баруун Европын орнуудтай харьцуулахад бага бас тайван амгалан байдаг болохоор гадны залуус манай оронд сурах гэж ирцгээдэг.
Алслагдсан зургаан аймагт бөөрний диализийн аппарат өгсөн
-Монгол улсаас 40000 залуу гадаадад сурч байгаа гэсэн тоо байдаг. Гэтэл хүн амын цонх үе буюу хөдөлмөрийн насны залуус хамгийн их энэ үед ажилгүйдлийн түвшин өндөр байдаг. Гадаадад суралцаж байгаа залуусыг Монгол орондоо ирүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Намайг залуу байхад буюу одоогоос 20, 30 гаруй жилийн өмнө Тайваньд ийм үзэгдэл байсан. Залуучууд гадаадад сурахыг хүсдэг. АНУ, баруун Европод суралцаад төгссөн залуус эх орондоо ирэхийг хүсдэггүй байлаа. Тухайн үед Тайванийн Засгийн газраас энэ залуусыг нутагтаа авч ирэх бодлого явуулсан. Олон арга хэрэглэсний үр дүнд хүрсэн нь ч бий, хүрээгүй нь ч байгаа. Гэхдээ миний санаж байгаагаар хамгийн сайн үр дүнд хүрсэн арга нь төрийн алба, төрийн байгууллагын зарим албан тушаал, ажлын байр, орон тоог сул орхиод тэнд нь төрийн албаны шалгалт авахгүйгээр шаардлага хангасан залуусыг шууд оруулахаар хуульчилсан. Гадаадад доктор хамгаалсан хүмүүсийг Тайванийн их, дээд сургуулиудад багшлах боломж олгосон. Технологийн томоохон компаниудад гадаадад тодорхой тоо зааж заавал ажиллуулдаг болгосон. Шинжлэх ухаан технологийн паркийг олноор байгуулж, тэнд ажиллахаар ирсэн залууст өндөр цалин хөлс, хангамж өгсөн. Гадаадад амьдарч байсан гэр бүл, тэдний хүүхдүүдэд зориулж, хятад, англи хос хэлний сургуулиудыг олноор байгуулсан. Одоо Тайванийн шинжлэх ухаан технологийн паркууд, тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн нь АНУ-ын түвшинд очсон байдаг нь гадаадад суралцаж төгссөн залуучуудыг татаж чадсаных гэж үздэг.
Тайванийн гадаад худалдааны эргэлтэд Монголтой хийх худалдаа нь 0,06 хувийг эзэлдэг. Тайванийн хөрөнгө оруулагчид Монгол орныг сонирхохгүй байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдал, засаглалтай холбоотой байх. Яагаад гэвэл бизнесмэнүүд маш ухаалаг, мэдрэг, асуудлыг олон талаас нь харж шийдлээ гаргадаг. Гэхдээ бид аль болох эл харилцааг илүү ойртуулахаар хичээж ажиллаж байгаа. Ер нь Тайванийн болон Монголын эдийн засгийн байдлыг анзаарч байхад харилцан бие биенээ нөхөх боломж, харилцах ирээдүй сайтай.
-Тайванийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар сонсч байсан. Манай улсад хэрэгжүүлэх сайн туршлага байдаг уу?
-Тайваньд нэлээд эртнээс эмчийг хамгийн мундаг хүн гэж үздэг. Тийм болохоор сурлага сайтай хүүхдүүд анагаах ухааны сургуульд шалгалт өгдөг. Эрүүл мэндийн салбарт Засгийн газраас ихээхэн хөрөнгө оруулсан. Эхний үед тайваньчууд улсын эмнэлэгт ихэвчлэн үйлчлүүлдэг байсан. Сүүлийн үед Тайванийн том компаниуд, үндэстэн дамнасан корпорациудаас нийгмийн хариуцлагын болон бусад шаардлагаас өөрсдийн эмнэлэгтэй болсон. Төрөөс хувийн хэвшлийнхний эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг сайшааж илүү их дэмжих болсон.
Тайваньд анагаах ухааны бүх сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй. Оюутнууд нь энэхүү эмнэлэгтээ дадлага хийх боломжтой байдаг. Тайванийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь дэлхийд сайнаар жишээлэгддэг. Удаан хугацаагаар амьдардаг гадаадын иргэд, оюутнуудыг хүртэл эрүүл мэндийн даатгалд хамруулах боломж олгодог. Тайваньд орлогын түвшингээр нь тодорхой шатлал тогтоож эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэхдээ их, бага мөнгө төлсөн гэдгээс шалтгаалахгүйгээр ижил үйлчилгээ авах боломжийг хангасан. Үнэгүй зүйлд дуртай хүмүүс хаана ч байдаг. Даатгалын энэ тогтолцоо бий болоход даатгалаа ашиглан үнэгүй эмчлүүлэх гэсэн хүмүүс олон болсон. Энэ хандлагыг нь өөрчлөхийн тулд хөнгөн өвчтэй иргэд өөрсдөө төлбөрөө даах байдлаар зохицуулснаар энэ гажуудал арилсан.
-Танай төлөөлөгчийн газраас манай эрүүл мэндийн салбарт чамлахааргүй ажил хийсэн байна. Монгол эмч нарыг чадавхижуулах, монголчуудын эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэнд талархаж байна?
-Манай төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар дахь хоёр орны харилцаа сайн хөгжсөн гэж баттай хэлж чадна. Өнгөрсөн хугацаанд маш олон эмч манай улсад мэргэжил дээшлүүлж, туршлага судалж ирсэн. Манайхаас байр, хоол, зарим тохиолдолд унааны зардлыг нь дааж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг дадлагажуулж, өөрсдийн технологитой танилцуулсан. Мөн Тайванийн эмч нар Монголд ирж үзлэг, эмчилгээ хийдэг. Эмнэлгүүдээс гадна Тайванийн сайн дурын байгууллагуудаас эрүүл мэндийн салбарт туршлага солилцдог. Өнгөрсөн жил 10 гаруй групп ирсэн. Тэд уруул, тагнайн мэс засал хийх зэргээр төлбаргүйгээр эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Энэ бүхэнд монгол талаас зардал гардаггүй. Эмнэлгийн тоног, төхөөрөмж үйлдвэрлэл манай улсад сайн хөгжсөн байдаг. Манай төлөөлөгчийн газраас зургаан ширхэг бөөрний диализийн аппаратыг Увс, Ховд, Завхан аймагт бэлэглэсэн. Уг аппаратад шаардлагатай цэвэр ус, цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг иж бүрдлийг өгсөн. 100 ширхэг эмнэлгийн ор хандивласан, энэ жил 50 орыг Хэнтий аймагт өгөхөөр төлөвлөж байгаа. Диализийн аппарадыг алслагдмал аймгуудад өгсөн нь учир шалтгаантай. Хотоос алслагдсан газрын хүмүүс бөөрөө угаалгах гэж аппаратанд орохоор ирэх нь өөрсдөд нь эрсдэлтэй, цаг хугацаа, зардал мөнгөний хувьд ч чирэгдэлтэй байдаг юм билээ. Увс аймгийн Засаг дарга бидэнд “Энэ бол орон нутгийн иргэдэд хэрэгтэй, нүдээ олсон зүйл боллоо шүү” гэж байсан. Үнэхээр бөөрний өвчтэй хүмүүс аппаратанд байнга орох шаардлагатай байдаг. Зам харилцаа муутай газраас ойр ойрхон ирэх нь тэдэнд хэцүү. Цаашдаа бид энэ төслийг үргэлжлүүлэхээр Тайваньд санхүүжилтээ хайж байгаа. Мөн ийм аппарат байдаггүй аймгуудыг судалж байна.
Хөрсөнд буух нэг сайн төслийг ажил болгохоор мэрийж байна
-Өвөрмөц, давтагдашгүй нүүдлийн соёлыг агуулдаг цорын ганц орон болох Монгол Улс Тайваньчуудын сонирхлыг татах нь лавтай. Үзэсгэлэнт Тайвань улс ч мөн бидэнд сонирхолтой байх болов уу. Хоёр орны жуулчин солилцоо хэр байдаг вэ?
-Харамсалтай нь хоёр орны аялал жуулчлалын харилцаа сая бидний ярьсан боловсрол, эрүүл мэндийн салбартай харьцуулахад хангалтгүй байдаг. Ямар учраас энэ харилцаа сайнгүй байгааг хэлж мэдэхгүй байна. Монголоос Тайвань руу явж байгаа хүмүүс ихэвчлэн оюутнууд, эмч, эмнэлгийн ажилтнууд болон албаны хүмүүс байдаг. Тайваньчууд аялах дуртай ард түмэн. Тайваньд давхардсан тоогоор жилд 10 сая хүн гадаадад зөвхөн аялах зорилгоор гарсан байдаг. Гэтэл 2015 онд Монголд ердөө 2000 гаруй хүн жуулчилж ирсэн байдаг. Тайваньчууд Монголын түүхийг сайн мэддэг. Гэтэл яагаад ирэхгүй байгааг би өөрөө ч гайхдаг. Магадгүй мэдээлэлгүйгээс шалтгаалж Зөвлөлтийн дагуул, хаалттай орон гэж төсөөлдгөөс орчин үеийн ардчилсан Монгол Улсын талаар бага мэддэгтэй холбоотой байх. Мөн Монгол, Тайванийн хооронд шууд нислэг байдаггүй нь мэдээж нөлөөлдөг. Уржнан жил Тайванийн телевизүүдээс Монгол орны тухай нэвтрүүлэг бэлдсэн. Түүнтэй холбоотой болов уу өнгөрсөн жил Монголд ирэх жуулчдын тоо бага зэрэг нэмэгдсэн. Нэг ч гэсэн хүн илүү ирж байвал гэр бүлийнхэн найз нөхөддөө мэдээлдэг. Тийм болохоор аялагчдын тоо нэмэгдсэн явдалд баярлаж байгаа. Ийм болохоор цаашдаа энэ салбар хөгжинө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.
-Нийт Монголчуудын бурханчлан дээдэлдэг Чингис хаан, түүний үр хүүхэд, монгол хатдын иш хөрөг Тайваний үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа. Эдгээр үзмэрийг монголын эрдэмтдэд танилцуулах зэргээр судалгааны эргэлтэд оруулах боломж байдаг уу?
-Чингис хаан. Монголын нууц товчооотой холбоотой түүхэн үзмэр, эх сурвалжууд Үндэсний музейд төдийгүй Тайваний Төв номын санд хадгалагдаж байдаг. Үүнийг судалгааны эргэлтэд оруулах ажил огт хийгддэггүй биш, хоёр талаас сонирхон судлах явдал байдаг. Удахгүй Монголын Шинжлэх ухааны академийн хоёр эрдэмтэн явж судлах гэж байгаа. Түүх судлал эртний хятад хэл судлал зэрэг нь хэн бүхний барьж аваад хийдэг ажил биш, урт хугацааны нөр их ажил шаарддаг учир олон нийтэд хүрэхдээ уддаг байж магадгүй юм.
-Монгол, Тайвань эдийн засгийн харилцаа ямар хэмжээнд байгаа вэ?
-Бидний худалдаа, эдийн засгийн үзүүлэлт чамлалттай байгаа. Тайванийн гадаад худалдааны эргэлтэд Монголтой хийх худалдаа нь 0,06 хувийг эзэлдэг. Тайванийн хөрөнгө оруулагчид Монгол орныг сонирхохгүй байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдал, засаглалтай холбоотой байх. Яагаад гэвэл бизнесмэнүүд маш ухаалаг, мэдрэг, асуудлыг олон талаас нь харж шийдлээ гаргадаг. Гэхдээ бид аль болох эл харилцааг илүү ойртуулахаар хичээж ажиллаж байгаа. Ер нь Тайванийн болон Монголын эдийн засгийн байдлыг анзаарч байхад харилцан бие биенээ нөхөх боломж, харилцах ирээдүй сайтай. Тайвань эрдэс баялаг байхгүй жижигхэн арал дээр оршдог. Гэхдээ техник технологи, ноу хау сайн хөгжсөн. Харин Монгол оронд асар их байгалийн баялаг байна. Энэ хоёрыг нэгтгэж чадвал маш сайн үр дүн гарах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд худалдаа, эдийн засгийн харилцаа зөвхөн яриа төдийгөөр яваад иржээ гэж ажиглагдаж байгаа. Би өөрөө ирснээс хойш нэгэнт хоёр орны эдийн засгийн харилцаа сайнгүй байгаа юм чинь бодитой нэг төслийг барьж түүнийгээ холбогдох байгууллагад нь зуучлаад ажиллая гэж хичээж байна. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр Монголын уул уурхайн голдуу компаниудын бизнесмэнүүд, төрийн албан хаагчдаас бүрдсэн төлөөлөл очиж Тайваньд форум хийнэ. Тавдугаар сард Тайванийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бас нэг арга хэмжээ зохион байгуулна. Энд эдийн засгийн байдал, ерөнхий онолын яриануудаас илүүтэй хөрсөнд буух ажил хийгдээсэй гэж хүсч байна. Тайваньчууд гадаадад үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулалт хийж компанийнхаа салбарыг шинээр байгуулах явдал олон байдаг. Тэд Монголд ирж ажиллаасай. Тэгэхийн тулд Монгол орон бизнесмэнүүдэд таатай, найдвартай засаглал бүхий хөрөнгө оруулагчдын хүсдэг орчин болоосой гэж хүсч байна. Монголын шинэ Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагчдыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тал дээр анхааран ажиллаж байна. Энэ нь манай хөрөнгө оруулагчдыг татаж, итгэлийг нь төрүүлэх байх гэж найдаж байна. Миний хувьд бид бага ярьж ихийг хийнэ гэсэн зорилготой. Нэг төсөл маань амжилттай хэрэгжиж чадвал дараа дараачийн ажил амжилттай хийгдэнэ.
С.Жаргал
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.