Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорих шийдвэр гарчээ

2019-05-29 Энэ 7 хоногийн онцлох

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компанид худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр ийнхүү хорьж байгаа юм. Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг цагдан хорих саналаа явуулсан боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхийн шүүгч нараас татгалзан тул прокурорын саналыг шийдвэрлэж чадаагүй байсан.

Харин өчигдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар НПГ-аас ирүүлсэн, Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар тооцон цагдан хорих саналыг нь хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэж 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж баталсан байна. Ингэснээр Д.Эрдэнэбилэгийг АТГ-т буй тус газрын болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.

Өнөөдөр бусад холбогдогчдыг нь цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болсон гэнэ. Тодруулбал, энэ хэрэгт “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцоод буй.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.