SOS: Дотны хүмүүсийнхээ гарт 20 халуун амь хорвоог орхижээ

2021-10-14 Нийгэм

Прокурорын байгууллагын энэ оны гуравдугаар улирлын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 154 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьж,  103 буюу 67 хувийг нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.5 хувиар буурсан бөгөөд 57.0 хувь нь нийслэлд, 43.0 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Хэдийгээр энэ төрлийн гэмт хэргийн хувь буурсан үзүүлэлт гарсан ч он гарсаар хайртай, дотны хүмүүсийнхээ гарт 20 халуун амь хорвоог орхисон харамсалтай мэдээ бий юм. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн ажилгүйдэл, архидалтаас шалтгаалдаггүй. Хүчирхийлэгчид зөвхөн ажилгүй, архинд “донтсон”, боловсролгүй хүмүүс байдаггүй. Ямар ч шалтгаанаар хэнбугайнд хэзээ ч юм гарч мэдэх л асуудал. Өөрөөр хэлбэл, хаана ч үйлдэгдэж болно. Тиймээс хүн бүхэн иргэнийхээ үүргийг биелүүлж, энэ төрлийн асуудалд хараа хяналт тавих ёстой. Тэгээд ч холбогдох хуульд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр бүх хуулийн байгууллага үүрэг хүлээдэг. Тэр утгаараа Иргэн та мэдээлэл өгвөл хэн нэгэн мэдчихвэл яах юм бэ, мэдчихээд миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэж айлгүй хаалганы цаана хэн нэгний том дуу, бархирах чимээ сонсвол, ямар нэгэн үл бүтэх зүйл ажиглагдвал холбогдох албанд мэдээллээрэй. Магадгүй таны ганц дуудлага хэн нэгний алтан амийг аврах юм шүү.

Эл асуудалтай холбоотой мэргэжлийн хүний тодруулгыг хүргэж байна.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙРОГТ ОРЧИХООРОО ХҮН ГАРЧ ЧАДДАГГҮЙ

Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.ОЮУН-ЭРДЭНЭ:

–Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг, даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчихэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гурав дахь шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”, “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно. Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй.

 

 

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.