Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тогоо тогоогоор нь тарган махаар зоог барьж ирсэн монголчууд мөдхөн цагаан хоолтон болж мэдэхээр байна. Монгол Улс нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг 60 сая малтай атлаа иргэд нь хоолны махаа ч авч дийлэхээ болиход хүрлээ. Уг нь Үндсэн хуульд мал нь төрийн хамгаалалт дор орших. Гэвч сүүлийн 30 гаруй жилийн турш дотоодын махны нийлүүлэлтийн сүлжээг хөсөр хаяснаас жил жилийн өвөл, хавар махны нийлүүлэлт тасарч, олдоц хомсох нь түгээмэл болсоор өнөөдөр махны үнэ 16 мянган төгрөгт хүрлээ.
Төрийн эрх барилцах зарим нэг нь ард түмнээ мах бага ид гэж загнаж байх жишээний. Үнэндээ л төр засаг махны ченжүүдийн гарт гурван сая иргэнтэйгээ 60 сая малаа туугаад “дагаар” орчихлоо. Буянт сүргийнхээ үр шимээр дайны цагт ч харангадахыг үзэлгүй өдий хүрсэн монголчууд малынх нь тоо толгой бүх цаг үеийн дээд цэгт хүрсэн энэ үед мах мөрөөдөж, өлсөөд суух нь жинхэнэ үндэсний эмгэнэл мөн биз ээ…
Ядаж засгийн эрхийг атгасан цагаан захтнууд нь дотоодоо бүрэн хангаж чадахгүй байж, улсын мэдлийн махаа валют болгочих хүсэлтэй. Өнгөрөгч онд урд хөршид мал амьтны халдварт өвчин дэгдэж, хамаг махаа тийш нь экспортолчихсон. Тиймээс л өнгөрсөн намраас эхлээд Монголд махны үнэ магнагт гарлаа. Өнгөрөгч онд Монгол Улс 54.9 мянган тонн мах экспортолсон нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж, тууз хайчлах нь л холгүй байв. Ингэснээр махны экспортоос 160 орчим сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ. Өнгөрсөн онд махны экспорт дээд цэгт хүрлээ хэмээн дарга нар баярлаж байх зуур оройн хоолоо арай ядан залгадаг жирийн иргэд үмхэх махгүй гундуухан хоногийг өнгөрөөсөн. Ядаж нөөцийн мах нь ч олдоц муу, үнэ нь тэнгэрт хадчихсан байдалтай л хахир улирлыг давав шүү.
Харин энэ хавар үнэ ханшийг өсгөхгүйн тулд нөөцийн ахиу мах бэлтгэхээ өнгөрсөн намар яамны сайд дарга нар амлаж байв. Гэтэл хаврын сүүл сард л нөөцийн махтай золгож, зуны эхэн сарыг аргацааж суух ард түмэн өрөвдөлтэй биш гэж үү. Үнэндээ жил бүрийн хавар ченжүүд махны ханшийг хаданд гаргадаг ч энэ жилийнх шиг ингэтлээ галзуурч, иргэдийн худалдан авах чадвараас хол түрүүлж байсангүй. Тиймээс ирэх саруудад дотоодын малын махны нийлүүлэлтээ бодлого төлөвлөлттэй хийхгүй бол төр махаа зарж хөлжөөд, ядарсан түмэн хоолны махгүй хоноглох нөхцөл байдал үүсч мэдэх нь байна шүү.
О.ГЭРЭЛ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.