Налайхын замд усалгаа хийх шаардлагатай байна, хотын дарга аа

2019-05-6 Нийслэл

Жаран жилийн тэртээ Налайхын зам ашиглалтад орж байжээ. Тэр цагаас хойш дорвитой засвар хийхгүй байсаар өдийг хүрсэн. Харин энэ жил урт настай тус замыг төрөл арилжсан мэт болгохоор шинэчлэн засаж байна. Хятадын Экспорт, импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн багцад уг замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт багтсан юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, одоогоор замын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм. Гэхдээ сайхан замтай болж, жаргалдаа умбахаас өмнө туулах зовлон их байна.

Баянзүрхийн товчоо угаас хамгийн их ачаалалтай дамжин өнгөрүүлэх төв. Энэ хэсгээр өдөрт 6-10 мянган машин тогтмол нэвтэрдэг гэсэн статистик бий. Харин цагаан сар, наадам зэрэг томоохон баярын өдрүүдэд дээрх тоо 70 мянгад хүрдэг аж. Тэр утгаараа түр зассан шороон замд тэнгэр багандсан улаан шороо жолоочдын харах орчинг хязгаарлаж байна. Уг нь замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг холбогдох удирдлагууд сануулж, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болсон. Гэвч усалгаа хийхгүй улаан тоос манарч, зам тээврийн осол гарахгүй гэх баталгаа алга.

Дашрамд дуулгахад, Хотын захиргаанаас зам баригдах газрыг бүрэн чөлөөлсөн. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, үүний нөхөн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөг өгсөн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.