Энэ сарын 30-нд буюу ирэх мягмар гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үүдээ нээлттэй байлгах гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ өдөр тус яамнаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-“Нээлттэй хаалганы өдөр”-өөр ямар мэдээллийг иргэдэд түлхүү өгөх вэ?
-Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулаад ирэх долоон хоногийн мягмар гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өдөрлөгөөр хэд хэдэн чухал мэдээллийг иргэдэд өгнө. Тухайлбал, Хөдөлмөр халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг нэгдүгээрт танилцуулна. Мөн 60 гаруй аж ахуйн нэгж өдөрлөгт оролцож, иргэдийг ажлын байраар шууд ханган ажиллана. Мөн Нийгмийн даатгалын төрөл бүрийн үйлчилгээг бас иргэдэд хүргэнэ.
-Иргэд хүссэн бүхий л мэдээллээ авч болно гэж ойлгож болох уу?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, гэр бүл хүүхэд залуучууд гээд энэ чиглэлтэй холбоотой бүх мэдээллийг өгнө. Өөрөөр хэлбэл, иргэд Сүхбаатарын талбайд ирээд нээлттэй бөгөөд шаардлагатай мэдээллүүдээ авах боломжтой.
–Өдөрлөгт хичнээн байгууллага оролцох вэ?
-Энэ өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа бүх байгууллагууд оролцоно. Мөн “Өнөр бүл”, Ахмад настны үндэсний төв болон Цагдаагийн ерөнхий газар, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид гээд 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байна.
-Орон нутгийн иргэдийн хувьд “Нээлттэй хаалганы өдөр”-т хэрхэн оролцох вэ?
-Хөдөө орон нутагт мөн адилхан “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг зохион байгуулна.
-Өдөрлөгийн үеэр “Хүүхэд хамгаалагч” төслийн нээлт болно гэх мэдээлэл байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” шинэ төслийг улс орон даяар эхлүүлж байгаа юм. Энэ төслийн нээлтийг тэр үеэр зохион байгуулна. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох юм.
-Монгол Улсад аюулгүй, амар тайван, амьд аж төрөх боломж байна уу гэх асуулт үргэлж хариулт нэхэх боллоо. Тэр дундаа осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ гэх асуудал?
-Осол гэмтлийн асуудал энэ жил нэлээн хэд гарсан. Тоон үзүүлэлтээр 2016, 2017, 2018 онд ерөнхийдөө бууралттай байсан. Энэ жилийн тухайд томоохон хэмжээний осол, гэмтлүүд олон гарлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв гээд олон байгууллага хамтран жил бүр үйлдвэрлэлийн осол, гэмтлийг бууруулах төлөвлөгөө гаргаж ажилладаг. Энэ төлөвлөгөөний дагуу жил болгон хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. Өнөөдөр л гэхэд “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Ирэх тавдугаар сард багтаагаад осол, гэмтлийг бууруулах үндэсний хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
-Манай оронд жил бүр осол, гэмтлийн улмаас 20920 хүн амь насаа алдаж, 142,665 хүн гэмтдэг гэх статистик мэдээлэл бий. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тэр дундаа Нийгмийн даатгалын ерөнхий газар осол, гэмтлийг бууруулах талаар бүх ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай жил болгон хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэ жил ямар осол, гэмтэл гарав, юунаас шалтгаалав, ямар хүчин зүйл нөлөөлөв гэдгийг судалж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бүх осол, гэмтлийн нөхцөл байдлыг бүртгэл хийж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажиллагааг ч давхар хийн ажиллаж байна.
-Манай улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагад элссэн. Тус байгууллага манай улсад гарч байгаа осол, гэмтлийг бүртгэлжүүлж, улмаар хангалтгүй гэсэн дүгнэлт хийсэн байсан?
-Олон улсын Хөдөлмөрийн байгууллага манай улсад гарч байгаа осол, гэмтлийг нэг бүрчлэн бүртгэлжүүлдэг. Бүртгэгдсэн мэдээллийн хүрээнд тодорхой хэмжээний зөвлөмж, заавар, чиглэлүүдийг манай яаманд ирүүлдэг. Энэ зөвлөмж, заавар, чиглэлийг хангаж ажилладаг. Мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сарын аяныг жил бүр зохион байгуулдаг.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.