Бусдаас суралцах дургүй хүн гэж бараг байдаггүй байх. Энэ удаа дэлхий дахинд амжилттай яваа бизнесменүүдийн амжилтад хүрэхээс өмнө хэрхэн яаж алдаж байснаа хуучилсан түүхээс хүргэе. Тэдний бизнесийн амжилт дардан замаар явж хүрээгүй нь лавтай. Ямар нэг сургамж болсон алдаа хийж асуудлыг гярхай олж шийдсэнээр өнөөгийн амжилтад хүрсэн.
“Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэсэн нь миний хамгийн том алдаа” – TWiT network компанийг үндэслэгч Лео Лапорте
– “Бүх зүйлийг өөрөө хийх гэж зүтгэсэн нь миний хийсэн хамгийн том алдаа байжээ. Компанийхаа үндэслэгч байсны хувьд хэвлэл, контент, технологи гээд хэрэглэгчдээ хүрэхэд мэддэггүй зүйл байхгүй юм шиг санагддаг байлаа. Үнэхээр ч бүгдийг өөрөө хийдэг байсан. Гэвч сүүлд бизнестэй холбоотой олон зүйлийг мэддэггүй байснаа ухаарсан л даа. Санхүү, маркетинг, зар сурталчилгаа, хүний нөөц гээд олон юм мэддэггүй байснаа ойлгосон. Хэдэн жил болж бизнес маань өргөжихийн хэрээр би бизнесээ олигтой хөтөлж явуулах нь битгий хэл би үнэхээр ажилдаа дурлаж хийж байна уу үгүй юу гэдэгтээ эргэлзэж эхэлсэн. Өдөр бүр ажил минь гал унтраах маягтай болж ажлаа гүйцэж хийхэд хэцүү болсон юм. Тиймээс бизнесийн хамтрагч олж ажиллуулан өөрийн бүх үүрэг хариуцлагаа шинэ хүнд шилжүүлж үзсэн юм. Эхэндээ надад ажлаа хаяж буй мэт санагдсан боловч компаниа удирдан явуулахын тулд ингэх цаг болсныг ойлгосон юм.”
“Чадвараасаа давсан хөрөнгө оруулалт хийсэн” – Нью-Йорк Таймс сонины хамгийн их орлоготой зохиогч, энтрепренер Майкл Хиатт
– “Өсөн дээшилж буй компаниа өргөжүүлэх гэж мөнгө зээлж байсан нь миний хийсэн том алдаа байсан. Энэ бол 1992 он. Тухайн үед хөөсөрч буй өсөлт, эрүүл өсөлт хоёрын ялгааг мэддэггүй байж. Эцсийн дүнд бидний хийсэн өсөлт хөрөнгийг минь залгиж бизнес минь уналтад орсон юм даа. Энэ алдаанаас сургамж болсон зүйл гэвэл хэрээс хэтэрсэн чадавх, чадвараасаа давсан хөрөнгө оруулалт, өр битгий хийж бай гэдгийг ухаарсан явдал. Ямар нэг тооцоололгүй гаднаас санхүүжилт хайж байгаа бол энэ бизнес гарцаагүй дампуурах бизнесийн нэг загвар болох юм.”
“Зах зээлээ ойлгоогүй, хэрэглэгчээ судлалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” – Бизнесийн мэдээ, шинжилгээний Quibb вэб хуудсын ерөнхий редактор Санди МакФерсон
– “Өнгөрсөн жил би хэрэглэгч төдийлөн хэрэглээд байдаггүй, танил бус бүтээгдэхүүн гаргах гэж 6 сар зарцуулсан билээ. Хэрэглэгчийн зүгээс миний бүтээл үнэхээр ойлгомжгүй байсан. Энэ маш том алдаа байсныг сүүлд ухаарсан даа. Үүнийгээ засаж залруулах гэж маш их хичээл зүтгэл гаргасан боловч хэн ч тоож харахааргүй нэгэн бүтээлтэй болж хоцорсон юм. Өнөөгийн CEO хүмүүсийн мэдэж байвал зохих бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн салбарт өөрийгөө мэргэжилтэн биш гэдгээ ухаарсан.”
Бэлтгэсэн Б.Хүдэр
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.