Хайлган цагаар “амь орох” нөхөд олшров

2017-04-17 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Үнэн ба зөв нэртэй нам байгуулж ирэх зургадугаар сард болох Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших санаатай байгааг эл хүрээнийхэн шивэр авир хийх болов. Цагтаа Ардын намын гол “хэтэвч” явсан түүнийг нэг л өдөр намын боссууд нь үнэмлэхийг нь хурааж, хөөгөөд гаргаж билээ. Харин мань эр уугуул намаасаа “хөөгдсөн” даруйдаа УИХ-ын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэн орж хэсэгтээ л нам жим амьдрав. Угаасаа ч нийгэм мэдэхгүй жижиг нам, дээр нь суугуул хүнд ямар байр суурь байх вэ. Тэгсхийгээд хэдэн жил хувийн бизнесээ хөөсөн шиг өдий хүрсэн дэг.

Харин хаврын урьтай золгосон эл өдрүүдэд сонгуулийн анир эл хүнийг тайван суухад бэрх болгосон бололтой. Цагтаа улс төрд байгаа юм шиг сэтгэлээ зөөллөж байсан намаасаа хүртэл нүүр буруулж, өрх тусгаарлахаар шийдсэн гэх. Өдгөө дэмжигчдийн арми бүрдүүлэх их ажилд ханцуй шамласан сурагтай.

Түүний хувьд, 2016 оны УИХ-ын сонгуулиар төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа нэг тойрогт өрсөлдөж өвдөг шороодсон билээ. Төрсөн дүүтэйгээ хөрөнгө мөнгөний асуудлаас болж таарамжгүй байдаг гэдэг нь хэдийнэ олонд ил болсон. Тиймдээ ч нэг тойрогт өрсөлдөж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай. Тэр цагаас хойш улс төрийн хүрээнд нэр нь ч гарахаа байж, “мартагдсан дууль” болох дөхөв өө, хөөрхий. Харин ингэж нэг хаврын эмгэгийн цагаар “харшил” шиг сэдрэв гэж. Ийнхүү сонгуулийн сургаар нэгэн цагт албан тушаалын амтыг мэдэрч явсан нөхдүүд хайлган цагаар “амь ороод” эхэллээ шүү.

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.