Ерөнхий сайдын бодох хугацаа энэ сарын 23-нд дуусна

2019-02-14 Нийслэл

Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгож улмаар НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн. Тэр цагаас хойш л улсын нийслэл даргагүй, үндэсний гол баяр болох сар шинийг ч “өрхийн тэргүүн”-гүй үдлээ.

Зүй нь НИТХ-аас таалсан эрхмийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, хот удирдах эрхийг батламжлах ёстой байдаг. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус албан бичгийн хариуг одоо болтол өгөөгүй байгаа юм. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичигт 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн хуулийн заалт бий. НИТХ-ын хурлын тогтоол өнгөрөгч сарын 16-нд гарсан боловч Ерөнхий сайдад 23-нд албан бичгийг хүргүүлсэн. Уг өдрөөр тооцвол энэ сарын 23-нд хуулийн хугацаа нь дуусна гэсэн үг. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналыг буцаавал НИТХ 15 хоногийн дотор хуралдаж Ерөнхий сайдад дахин саналаа хүргүүлдэг. Энэ тохиолдолд тав хоногийн дотор томилох үүрэгтэй юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.