Төрд татварын хатуу бодлогыг зөөллөөд явах менежмент байна уу?

2017-04-14 Нийтлэл

УИХ өнгөрсөн шөнө (2017.02.13) Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Тодруулбал, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа. Энэ нь нийт орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр тус, тус бууруулсан үзүүлэлт юм.

Тэгэхээр Олон улсын валютын сангийн манай улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал” гэдгийг онцолсон байсан. Тиймээс эрх баригч намынхан өөрсдийн үзэмжээр энэ удаагийн төсвийг гардан гүйцэтгэж, Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна.

Дашрамд дуулгахад, Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдсон гэж байгаа.

Ямартай ч ирэх сарын 1-нээс эхлэн хүүхэд бүрт сар тутамд олгодог 20 мянган төгрөгийг 521 мянга 907 хүүхэд авах юм байна. Зүй нь Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийх шатанд нийт өрхийн 40 хувьд хамаарах хүүхдэд 20 мянган төгрөг олгох нөхцөл тавигдсан аж. Ингэхдээ зорилтот бүлгийн буюу зайлшгүй 20 мянган төгрөг авахаас аргагүй орлого багатай өрхүүдийн хүүхдийг хамруулахыг зөвлөмж болгожээ.

Улсын хэмжээнд 737 мянга 936 өрх бий аж. Тэдний 40 хувь гэхээр үндсэндээ 300 мянган айл өрхийн 521 мянга 907 хүүхэд 20 мянган төгрөг авах эрх үүсэх нь. Энэ нь нийт хүүхдийн 51 орчим хувийг хамарч байна гэсэн үг. Тэгэхээр манай улсын хүн амын амьжиргааны түвшин ямар хэмжээнд байгааг энэ үзүүлэлтээс төвөггүйхэн харж болохоор байна.

Цаашлаад, урсгал зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд энэ онд улсын төсвөөс санхүүжилт аван хэрэгжих байсан төсөл хөтөлбөрүүдийг хасчээ. Мөн эрүүл, мэнд боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулсан байна.

Харин орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм. Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.

Энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд олон нийтийн зүгээс хамгийн их банга хүртсэн асуудал бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль байв. Энэхүү хууль батлагдсанаар тус  санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн энэ оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар зохицуулалт хийгдлээ. Үүний цаана монгол хүний дундаж наслалтын өсөлтийн хурдаас хоёр дахин илүү хугацаагаар тэтгэвэрт гарах насыг нэмсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, даатгал төлөгчид НДҮЗ-ийн саналыг авалгүйгээр Сангийн яам дангаараа санал оруулж ийнхүү тус асуудлыг эцэслэн шийдвэрлэчихлээ.

Мөн ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд 15 хувийн, хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна. Суудлын авто машины Онцгой албан татварыг 50 хувиар тогтоосноор автомашины үнэ хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр нэмэгдэх болж байна. Өөрөөр хэлбэл, татварын хатуухан бодлого УИХ-аар зөөлөрч батлагдах болов уу гэсэн хүлээлт, найдлага талаар боллоо гэж хэлж болно.

Бодлого боловсруулагчдын зүгээс “Татварын өсөлт нийт массад нөлөөлөхгүй” гэж тайлбарлах ч улсын төсвийн алдагдлын цоорхойг нөхөх эх үүсвэр нь эцсийн эцэст ард түмэн болж буулаа. Ачааны хүндийг төр өөрөө үүрч, ард түмний нурууг тэнийлгэх эрх баригчдын амлалт ийнхүү уламжлалт ёсоор хоосон лоозон болж хувирсан нь энэ.

Монголбанк нь ард иргэдээ хуримтлалтай болохыг уриалж байхад УИХ, Засгийн газрын бодлого эсрэгээр сөрж явна. Улс нь орлогоо хуримтлуулж мэддэггүй бол одоо араас нь иргэд алхаж орох боллоо. Энэ бол ухралт.

“Татвар нэмэхээс аргагүй байна” гэж танхимаараа шахуу баалах хэрнээ тамхи, архины ОАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулсангүй, ирэх оноор хэвээр нь үлдээв. Гэхдээ аргагүй ч юм уу, архи тамхины бизнестэй цээж баячууд энэ танхимд нэлээдгүй бий гэж дуулдсан юм байна шүү.

Цаашлаад, төрд ачаа үүрүүлэн чагтан тайлан үйлдвэрлэж суудаг аж ахуйн нэгжүүдээ хувьчлах асуудлыг энэ удаагийн тодотголоор шийдсэнгүй. Зүгээр л татвар төлөгчдийнхөө халаасыг хэдэнтээ тэмтэрч болох тухайд тал бүрээс нь мэрэв.  Төрийн банкнаас эхлээд хувьчлах жагсаалтад багтсан байсан аж ахуйн нэгжүүдийг хувьчлалын жагсаалтаас хасаж, орхих нь тэр.

Уг нь ашиг олохгүй, алдагдал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьчилаад, олсон орлогоор нь төсвийн цоорхойг нөхөх бодлого барьсан бол ард түмний үүрэх ачаа хөнгөрөх боломж байсан. Дээр нь төрийн урсгал зардлыг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх боломжийг ч хайсангүй. Зөвхөн татвар төлдөг хэсэг дээрээ дахин ачаа үүрүүлэхээр боллоо.

Ийнхүү төсөв батлагдсанаар Засгийн газар Олон улсын валютын сангийн “Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж нээгдэж, 440 сая ам.доллараас гадна таван тэрбум ам.долларыг жилийн хоёр хувиас хэтрэхгүй нөхцөлтэйгөөр зээлжих эрхтэй боллоо. Харин нэг асуулт тойргийн гадна эзэнгүй үлдэх шиг. Тодруулбал, иргэдийн ачааг данхайлгасан татварын хатуу бодлогыг зөөллөөд явах менежмент энэ төрд байна уу?. Учир нь аль хэдийнэ алх тогшиж, олонхын санал авч батлагдсан төсвийн төслөөс энэ онд лав төсвийн алдагдлыг бууруулах “нөхөөс” болон зарцуулагдах хэдэн тоог л олж харж байна. Тэгэхээр энэ онд дахиад л ачааны хүндийг ядарсан ард түмэн л граммын хэдэн төмсөө торолж, ганц килограммаар нь гурилаа сугавчилж барах нь дээ.

Юутай ч иргэд, аж ахуйн нэгжүүд 2017 оны төсвийн жилд бүсээ чангалж амьдрах ёстой болох нь. Харин төр засаг хамгийн гол нь өмнөх алдаагаа дахин давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд Монголын эрх баригчдын гаргасан бодлогын алдаанаас үүдэн эдийн засаг нэг бол хурдтай өсөх, эсвэл огцом унаж, маш их донсоллоо. Энэ удаад бартаа бага байж, олон түмний заяа буян түших болтугай хэмээн залбирч суух л үлдлээ…

О.МӨРӨН

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.