МҮХАҮТ-ын Бээжин дахь төлөөлөгчийн газраас “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдвээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар БНХАУ-д бизнес хийх, бүтээгдэхүүнээ экспортлоход юуг анхаарах, ямар материал бүрдүүлэх, ямар ур чадвар, ойлголтуудыг эзэмшсэн байх талаар Бээжин дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал мэдээлэл хийлээ. Уулзалтад 30 гаруй бизнес эрхлэгч оролцов. Уг арга хэмжээнд оролцсон хүмүүсээс ганцаарчилсан уулзалт хийж, шаардлага хангах 1-2 бизнес дээр төвлөрч БНХАУ-ын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн, цэвэр усны бизнесийг онцоллоо. Тухайн бизнес эрхлэгч шаардлагатай урсгал зардлуудыг гаргах санхүүгийн чадамжтай байх, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах чин эрмэлзэлтэй байх, бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх технологийн дагуу хийгдсэн байх гэсэн шаардлагыг гол болгож байв.
Манай улсын нүүр царай брэнд, гэдгээр Хятад Улс ноолууран бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байдаг. Хятадын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн топ 10 компани Хятадын нийт зах зээлийн 75 хувийг эзэлдэг тул зах зээлийн төвлөрөл “дунд хэмжээтэй олигополь зах зээл” гэж дүгнэдэг. Өвөр Монголын “Ордос Ресурс” ХК нь Хятадын хамгийн том ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани юм. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ба зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань, нийт 26000 ажилчин бүхий 126 салбар компанитай болж өргөжсөн байна. Энэ тогтвортой, том зах зээлд манай ноолууран бүтээгдэхүүн өнгө загвараар, үнэ чанараар өрсөлдөж өөрийн ялгарлыг бий болгох нь чухал хэмээн зөвлөв. Мөн Хятад Улсад ноолууран бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулахдаа авч буй компаниа экспорт, импортын эрхтэй эсэхэд анхаарлаа хандуулаарай гэв.
ХЯТАД ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦААНЫ АРГА БАРИЛ, ОНЦЛОГ
Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад тухайн улсын соёл, нийгэм, хүмүүсийн харилцаа, хүрээлэл, онцлогыг сайтар судлаж, хэлэлцээр хийхдээ мөрдлөг болгох нь чухал. Хятад хүмүүсийн харилцааны арга барил яриа хэлэлцээрийг тойруу замаар хийдэг, сэтгэл хөдлөл багатай, төвийг сахисан, шийдвэр гаргалтад тайван ханддаг, юмсыг олон талаас нь хардаг, сайн сонсогч байж чаддаг онцлогтой аж. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд салбарын хүрээнд нөлөө бүхий гол тоглогчдыг тодорхойлж, түүнтэй харилцаа үүсгэх арга замыг эрэлхийлэх замаар өөрийн нөлөөлөл, нэр хүндээ нэмэгдүүлэх, цаашлаад хувийн харилцаанаас бизнесийн харилцаанд шилжих нь оновчтой талаар ярилаа. Хятад хүмүүсийн харилцаа гэр бүл, найз нөхөд, бизнесийн гэхчлэн тойрог хүрээлэл үүсгэх байдлаар өрнөдөг. Нөхөрсөг энгийн яриагаар түнш болох хүнээ таньж мэдэхийг эрмэлздэг. Барууны бизнесмэнүүд бизнесийн үйл ажиллагаандаа ёсзүй, хамтын ажиллагаа, хууль эрхзүйг эрхэмлэдэг бол Хятад хүмүүс мэдрэмж, мөн чанар, итгэлийг илүү чухалчилдаг.
ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД ХИЙГДЭХ 10 АЛХАМ
Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дөрвөн төрлийн стандартыг мөрддөг, үүнд үндэсний стандарт, техникийн стандарт, орон нутгийн стандарт, байгууллагын стандарт гэсэн шат дараалсан стандартууд байна. Үндэсний стандартыг Хятадын үндэсний стандартчиллын байгууллага (SAC) удирддаг. SAC-т 27,000 гаруй үндэсний стандарт бүхий мэдээллийн сан байдаг.
Үндэсний стандартын 15 хувь нь заавал мөрдөх ба тэдгээр нь GBII тэмдэглэгээтэй байдаг. Харин техникийн стандарт нь Үндэсний GB стандарт байхгүй тохиолдолд үүнийг боловсруулж хэрэглэдэг. Үндэсний эсвэл техникийн стандарт байхгүй тохиолдолд орон нутгийн стандартыг боловсруулан гаргадаг. Хятадын хяналт ба хорио цээрийн үйлчилгээний газар (CIQ) хариуцдаг. “DB+*”-(заавал мөрдөх) эсвэл “DB+*/TII-(зөвлөмжийн) гэж байдаг. Харин байгууллагын стандартыг дээд түвшний стандарт байхгүй тохиолдолд компани өөрсдөө боловсруулж ашигладаг. Гэхдээ заавал мөрдөх албагүй аж.
БНХАУ-д экспорт хийхэд дараах алхамууд хийгдэнэ.
1. Тухайн бүтээгдэхүүн ямар ангилалд багтаж байгааг тодорхойлох
2. БНХАУ-ын Худалдааны яамнаас импортын лиценз, квот шаардлагатай эсэхийг тодруулах, материал өгөх
3. Хятадын стандартад танай бараа бүтээгдэхүүн нийцэж байгаа эсэхийг шалгах
4. Шаардлагатай бол Хятадын зайлшгүй хийх баталгаажуулалт (China Compulsory Certification) авах өргөдлөө өгөх
5. Бүтээгдэхүүний хаяг, шошго, сав баглаа боодлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах
6. Хятадын хил дээр ирэхээс өмнө холбогдох хаяг, шошгыг наах
7. Хилээр гарах шаардлагатай бичиг баримт (лиценз, квотын лиценз)-ыг бэлтгэх
8. Хятадын гааль бүтээгдэхүүний дээж шинжлүүлнэ
9. Холбогдох татвар, хураамжийг төлөх
10. БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлоно
TAOBAO.COM САЙТАД “MADE IN MONGOLIA” ЦЭС НЭМЭГДЛЭЭ
Манай бизнес эрхлэгчид цахим худалдааны Tаоbao сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрджээ. Тус сайтад “Made in Mongolia” гэсэн тусгай хуудас ажиллуулах бэлтгэл бүрэн хангагдсан байна. “Taobao” онлайн дэлгүүр нь “eBay”, “Amazon” сайтуудтай эн зэрэгцэх, дэлхийд дээгүүрт ордог интернэт худалдааны талбар юм.
Тус онлайн дэлгүүрт компани төдийгүй хувь хүн өөрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой байдаг тул бүтээгдэхүүний өргөн сонголттой, хямд үнээр хүссэн бараагаа авах боломжийг хэрэглэгчиддээ олгодгоороо бусад онлайн дэлгүүрээс онцлог. 2018 оны 3 дугаар сарын судалгаагаар 1 сард ойролцоогоор 617 сая хэрэглэгч худалдан авалт хийдэг нь тогтоогдсон. Худалдан авагчдыг татахын тулд маш олон төрлийн үнийн урамшуулал, бодлогын стратеги ашигладаг. Гуравдагч этгээд болон банкаар дамжуулах шаардлагагүйгээр төлбөрийн асуудлыг бүрэн шийдсэн.
2010 онд “Aliexpress” үйлчилгээг нэвтрүүлсэнээр Хятад төдийгүй гадаадын бусад орноос худалдан авалт хийх боломжтой болсон. Худалдан авалт хийхээс өмнө дэлгүүрийн худалдагчтай онлайнаар холбогдож, барааны талаар мэдээлэл авах, барааг хэзээ худалдан авч болох эсэх талаар болон үнийг тохиролцож болдогоороо давуу талтай юм.
ТАНХИМЫН БЭЭЖИН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ
МҮХАҮТ-ын Бээжин хот дахь албан ёсны суурин төлөөлөгчийн газар тус улсад бизнес эрхэлж байгаа болох эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг судалгаа мэдээллээр хангах, тээвэр зуучийн цогц үйлчилгээ, бизнес аялал, форум, сургалт, уулзалт, БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авахад үйлчилгээ үзүүлэх, БНХАУ-д салбар компани нээх, хөрөнгө оруулагч, түншлэл бий болгох, экспорт, импортын судалгаа, Хятад улс доторх онгоцны билет захиалга, зочид буудлын захиалга хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
ОРОЛЦОГЧДЫН АСУУЛТАД ХАРИУЛАВ
Манай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж байна, манай органик бүтээгдэхүүнийг Хятадууд хэр сонирхдог бол гэсэн асуултад “манай бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл багатай байдаг. Бид эхлээд сайтар мэдээлэл хүргэж танигдах ёстой. Хятад хүмүүс эрүүл мэнд хооллолтдоо их анхаардаг болсон, өөрсдийн үйлдвэрлэсэнээсээ илүү гадаадын бүтээгдэхүүнд сонирхолтой. Тиймээс энэ зах зээлд боломж байгаа” гэв. Tаоbao худалдааны сайтын агуулах хаана байрладаг, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн байршуулах талаарх асуултад Бээжингээс 50км зайд агуулах нь байдаг, захиалгын тоогоор эндээс ачуулах нь үнэ хөлсний хувьд хямд төсөр. Гэхдээ манайхан хамтраад агуулах түрээслэж болохыг хэллээ.
Манай бизнес эрхлэгчид өөрсдийнхөө хэмжээнд судалгаа, гэрээ хэлэлцээр хийгээд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. Гэсэн ч төлбөр мөнгөн дээр асуудал гарсаар байна. Үнийн нэгдсэн мэдээлэл, баталгаа хэрэгтэй байна гэв. Цэвэр ус болон ноос ноолуурын бизнесийг яагаад онцолсон талаар ноос ноолуур манай нүүр царай, ус бол хаана ч хэрэгтэй, экспортлох сонирхолтой ААН-үүд олон байдаг хэмээлээ. Хятадад компани байгуулахад юуг анхаарах нь хамгийн чухал болохыг асуухад аль муж хот гэдгээс шалтгаалан 500,000 доллартай тэнцэх хэмжээний юанийг байршуулах шаардлагатай, мөн үйл ажиллагаа явуулах оффисийг заадаг, үйл ажиллагаа явуулдаггүй байсан ч сар бүр Х тайлан гаргаж өгдөг, заавал нягтлантай байх ёстой. Зааж өгсөн оффис үйл ажиллагаа явуулахгүй бол торгуульдаг гэлээ.
Өнөөгийн Хятад Улс техник технологийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, үйлчилгээний салбар, интернет худалдаа болон цахим үйлчилгээ үсрэнгүй хөгжиж байна. Энэхүү хандлагыг бизнесийн үйл ажиллагаандаа тусгаж хүлээж авах нь ирээдүйтэй хэмээн Ө.Мөнгөнцацрал төлөөлөгч онцолж байлаа.
Сурвалжилсан Д.Золжаргал